СЭЛЭНГЭ: Монгол түмний Үндэсний их баяр наадам, Сэлэнгэ аймгийн наадам хувьсгалчдын баяраар эхэллээ

ӨВ СОЁЛ
otgontsetseg@montsame.mn
2024-07-04 11:02:00

Сүхбаатар, 2024 оны долоодугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Монгол түмний Үндэсний их баяр наадам Ардын хувьсгалын галыг бадрааж, шинэ цагийн эхлэлийг тавьсан хувьсгалчдын баяр буюу Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын наадмаар эхэлдгээрээ онцлогтой.

 

Энэ ч утгаараа 295 жилийн түүхтэй хувьсгалын өлгий Алтанбулаг сумын наадмаар Сэлэнгэ аймгийн баяр наадам, хувьсгалчдын уухайн дуутайгаар өнөөдөр эхэллээ.

 

Өнөөдөр өглөөний 07:00 цагт Ардын хувьсгалын 103 жилийн ой, Алтанбулаг сумын үүсэн байгуулагдсаны түүхт 295 жилийн ой, Хувьсгалчдын баяр хурдан морины Азарганы уралдаанаар эхэллээ.

 

Өнөөгийн Алтанбулагийн түүх “1728 оны 6-р сард байгуулагдсан Хиагтын гэрээний 4-р зүйлд Монголыг хилийн дотор худалдааны хот байгуулах ажлыг эхлүүлэхээр зааж, мөн оны 8-р сард анхны худалдаа нээгджээ. Түүнээс тавин жилийн дараа 1778 оны байдлаар Монголын Хиагт буюу Наймаачин хот нь 210 байшин, хашаатай, 700-гаад байнгын оршин суугчидтай болсон байна” ийн эхэлсэн байна.

 

Зураач Ц.Гүрбазарын бүтээл Алтанбулаг дахь Сүхбаатарын гудамж 1979 он

 

Алтанбулаг сумын нэр түүхэнд тэмдэглэсэн байдал нь олон өөрчлөгдсөн, онцлогтой юм. Тухайлбал 1727-1780 оныг хүртэл Гаалийн хороо, хилийн асуудал хариуцсан “Алтанбулагийн сайдын яам”, 1931-1958 онд Сэлэнгэ аймгийн төв “Алтанбулаг хот”, 1938-1956 онд Шаамар сумын харъяалалын “Алтанбулаг хороо“, 1956 оноос Алтанбулаг сум, 1956 оны 9-р сараас Алтанбулаг сум-Сангийн аж ахуй гэсэн нэртэй явж иржээ.

 

Мөн 1920-иод оны дундуур буюу 1923-1929 онд Богд хан уулын аймгийн Дэлгэр-Баян хан уулын сум, Наран-Буянбулагийн отог гэж байжээ. Анх 1727 оныг хүртэл Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошуунд хамаарагдах боловч хошуу захиргаа, албанд холбогдолгүй, Хяраан, Буурын харуулд захирагдан харуулын занги мэддэг байжээ.

 

БНМАУ-ын Их хурлын Тэргүүлэгчдийн 1956 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 102 дугаар Зарлигаар Сэлэнгэ аймаг татан буугдаж Төв аймагтай нийлэхэд Шаамар сумаас тусгаарлаж, Төв аймгийн Алтанбулаг сум байгуулагдсан байна.

 

Мөн БНМАУ-ын Их хурлын тэргүүлэгчдийн 1959 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 222 дугаар Зарлигаар Сэлэнгэ аймгийг дахин байгуулсанаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум байгуулагдсан түүхтэй.

 

Өнөөдөр тус сум нь Бүргэдэй, Суварга, Хяраан гэсэн гурван багийн зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулж байна. Хүн амын тоогоор Сэлэнгэ аймгийн 17 сумаас эхнээсээ 6-д, газар нутгийн хэмжээгээр 8-д ордог.

 

1921 оны ардын хувьсгалын өлгий болсон Алтанбулаг сум нь Сэлэнгэ аймгийн хойд хэсэгт оршиж, Улаанбаатар хотоос 345 км ,аймгийнхаа төвөөс 25 км зайд баруун талаараа Сүхбаатар, зүүн талаараа Хүдэр, урд талаараа Ерөө, Шаамар сумдтай, хойд талаараа Оросын Холбооны Улстай (ОХУ) хиллэдэг.

 

Тус сум нь Монгол улсын хойд хил дээр оршин тогтнож ирсэн бөгөөд хувьсгалын өлгий нутгийн хувьд түүх дурсгалын олон зуун үнэт зүйлсийг нутаг дэвсгэртээ багтаасан байдаг.

 

Related news