Б.Алтангадас: Хонины ноосон органик бордоо нь химийн бодисгүй бөгөөд хөрсийг эрүүл болгодог давуу талтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-07-05 11:43:11

Зуунмод, 2024 оны долоодугаар сарын 4 /МОНЦАМЭ/. “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Арвин ургац, эрүүл хүнс” уриатай хонины ноосон органик бордоо үйлдвэрлэгч "Монпеллетс" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Алтангадастай ярилцлаа.

 

-Үйлдвэрийнхээ тухай танилцуулна уу?

-“Монпеллетс” үйлдвэр нь 2014 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Голлох бүтээгдэхүүн хонины ноосоор бордоо хийдэг. Үйлдвэрийн байршил Улаанбаатар хотоос 60 км, Городокоос 15 км, Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэр Аржанчивлан рашаан сувилалын урд байрлаж байна. 2019 оноос ХБНГУ руу бүтээгдэхүүнээ нийлүүлж эхэлсэн. 2022 оноос АНУ руу 13 тн бордоо нийлүүлж, бичиг баримтаа бүрдүүлж дуусаад зах зээлд нь нэвтэрч эхлээд байна.


-Хонины ноосоор бордоо хийх санааг анх яаж олсон бэ?

-ХБНГУ-ын Гумбольдтын их сургуулийн эрдэмтэд анх хонины ноос байгаа газарт ургамал, ногоо их ургаж байгааг ажиглаад гурван жил судалсан. Туршилтын үр дүнд энэ технологийг гаргаж авсан байдаг. Үүнийг нь Монгол улсдаа нутагшуулаад бид бүхэн үйлдвэрлэж байна. Цаашид Азид буюу БНСУ, Япон улс руу гаргахаар бичиг баримтаа бүрдүүлж байна.


-Бордооны давуу тал нь юу вэ?

-Мод, хүнсний ногоо, жимс, тасалгааны цэцэг, ил талбайн тариалан гээд ургадаг бүхнийг дэмждэг. 100 хувь хонины ноосоор хийдэг органик бордоо бөгөөд азот фосфатыг 10-12 сарын хугацаанд ургамалдаа өгдөг. Чийг барилт маш өндөр буюу усалгааг 20-30 хувь багасгадаг. Хонины ноос нь өөртөө 2-3 дахин усыг шингээдэг бөгөөд хэрэгцээт үед ургамал, хөрсөнд өгдөг давуу талтай.

 

Хонины ноосон органик бордоо нь химийн бодисгүй бордоо бөгөөд хөрсийг эрүүл болгодог давуу талтай. Ингэж шинэ мэт болсон эрүүл хөрсөнд эрүүл хүнс ургадаг.

 

Бордоо 1 кг нь 6000 төгрөг бөгөөд 1 м кв талбайг 150 гр бордоогоор борддог.  Нэг удаа бордоод 10-12 сарын хугацаанд ахиж бордох шаардлагагүй байдаг учраас маш бага ордог, санхүүд маш их хэмнэлттэй.

 

-Үйлдвэрийн хүчин чадлын хувьд?

-"Монпеллетс" үйлдвэр жилд 2000 тн хонины ноосон бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай. Бүрэн автомат тоног төхөөрөмжтэй хэдий ч ердөө үйлдвэрийнхээ 10 хувийг л ашиглаж байна. Өнөөдрийн байдлаар 6 хүн ажилладаг бөгөөд цаашдаа хүний нөөцөө нэмэгдүүлэх бодлогыг баримталж байна.

 



-Түүхий эдээ хаанаас авдаг вэ?

-Төв аймаг, Сүхбаатар, Дорнод аймгийн хоршоодтой хамтарч ноосоо авдаг. Иргэдээс хотонд байдаг хэрэггүй ноосоо цэвэрлээд аваад ирэхэд бид улирал харгалзахгүй худалдаж авна. Гол шаардлага нь ноос хуурай, хоггүй байхад л түүхий эд болдог. Хамтарч ажилладаг хоршооддоо 1кг ноосонд 1500 төгрөгийн урамшуулал өгдөг.

 



-Дотооддоо ямар дэлгүүрээр худалдаж байгаа вэ?

-Үйлдвэрийн нэрийн барааны дэлгүүр Дүнжингарав худалдааны төвийн баруун урд талд байрлах "Sunny town" төвийн 15 тоотод байдаг. Гэрээт хамтран ажилладаг цэгүүд Emart, Соёолж худалдааны төв, Extra дэлгүүрээр худалдаж байна.

 

-Хонины ноос өгөх иргэд яаж холбогдох вэ?

-Хонины ноосон органик бордоо гээд фэйсбүүк хаяг бий. Мөн 94103030 дугаараар холбогдож болно.

 

-Бордоог ашиглахад анхаарах зүйлс бий юу?

-Бордохдоо ургамлын үндсийг гэмтээлгүйгээр хөрсийг боломжит хэмжээгээр хөвсийлгөж, нүхлээд бордоог жигд тараан байрлуулаад 5 см хөрсөөр далдалсны дараа ургамлыг суулгаж, хөрсөөрөө булж өгнө. Бордоог хуурайгаар нь үндэснээс доош 5 см байршуулна гэсэн үг юм. Зарим иргэн ил цацаж хэрэглэх гээд байдаг учраас анхааруулах хэрэгтэй гэж бодож байна.

 


Related news