БАЯНХОНГОР: Баянбулаг сумын 100 жилийн ойн баяр наадам энэ сарын 18-20-нд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-07-17 11:10:06

Баянхонгор, 2024 оны долоодугаар сарын 17 /МОНЦАМЭ/. 1924 оны анхны хуваариар Цэцэрлэг Мандал уулын аймгийн Хүрээмарал уулын хошууны бүрэлдэхүүнд багтаж байсан 18 сумаас Тэгшбуянт, Эрдэнэмандал хоёр сумыг нэгтгэн Баянбулаг сумыг байгуулж байсан түүхтэй. Ийнхүү Баянбулаг уулын хормойд орших Хөдөө нуурын дэнж дээр сум болон төвлөрсөн Баянбулаг сумын үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой энэ онд тохиож байна.


Сумын төв нь мөнх цэвдэгтэй газар байрладаг ба аймгийн төвөөс 266, Улаанбаатар хотоос 886 км зайтай. Баянбулаг сум нь хойд талаараа Завхан аймгийн Отгон сум, баруун талаараа Говь-Алтай аймгийн Дэлгэр сум, зүүн, зүүн хойд, урд талаараа Баянхонгор аймгийн Гурванбулаг, Заг, Хүрээмарал сумтай хиллэдэг.


Анх сумын төв нь хоёр эсгий гэртэй байгуулж, сумын захиргаа төвлөрчээ. Сумын захиргааны анхны даргаар Гомбожавын Баяр гэгч эмэгтэй ажиллаж байв.


Сумын нутагт Баруун хүрээ, Хадат, Бугат, Сангийн далай зэрэг сүм хийд байсныг 1932-1938 онд улс төрийн хэлмэгдүүлэлтийн үеэр бүгдийг нь устгажээ. Харин 1990 оноос сүсэгтэн олны зүтгэлээр Төгс баясгалант Өлзийхутагтын сайн амгалан арвижих хийд байгуулж, өдгөө Завхан, Говь-Алтай, Баянхонгор аймгийн 10 гаруй сумын нутагт сүсэгтэн олонд бурхны номын буян үйлдэж байна.


Баянбулаг сум далайн түвшнээс дээш 3086-3259 м өндөрт өргөгдсөн Тост, Бургаст, Наран, Бугатын сүрлэг уулс, тахилга шүтлэгт Баянбулаг, Өндөр Өлзийт, Баянцагаан зэрэг үзэсгэлэн төгөлдөр хайрхан уулс бий. Тус сумын төв нь Баянбулаг, Далан, Тэгшбуянт гэсэн чандманалсан гурван уулын бэлчирт Хөдөө нуур, Бүрд булгийн хөвөөнд /далайн түвшнээс дээш 2242 м өндөрт/ оршдог.


Тус сумын нутагт тахилга шүтлэгтэй уулс олон. Тэдгээр уулс нь тус тусын сан магтаалтай, эзэн савдагтай гэдэг. Баянцагааны эзэн хөх чоно, Өндөр Өлзийт хайрхны эзэн савдаг нь хар буур хөлөглөж, нум сум агссан хар хүн, Баянбулаг хайрхны эзэн савдаг нь хүрэн халзан морь унасан, нум сум агссан, жад барьсан баатар эр байдаг гэлцдэг.

Цоргийн хавцал, Сангийн далай, Эмчийн мухар, Тостын мухар, Зүүн салааны эх, Бургасны эх, Их Элстий зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд, Оцон хүрэнгийн агуй, Өврийн хатуугийн агуй зээрг агуй хонгилтой.


Өндрөөрөө 5 м, хөндлөн голч нь 30-аад м, боржин чулуун том хиргисүүр /Өндөр хиргисүүр гэдэг/, эртний домогт Дааган чулуу хэмээх онцгой содон ганц боржин хад, Хөшөө нуурын буган чулуу, Хангалын давааны өврийн хөшөө зэрэг эрт үеийн өвөг дээдсийн бүтээсэн дурсгалт түүхт газрууд олон.




Сумын нутаг геологийн хувьд үлэмж нийлмэл тогтоцтой, эрдэс түүхий эдийн байдлаар нэлээд өвөрмөц шинжийг хадгалдаг онцлогтой. Одоогоос гурван тэрбум жилийн тэртээ бүрэлдэн тогтсон Байдрагийн бичил тивийн дүүрэгт тус сумын нутаг дэвсгэр хамрагддаг. Эртний тогтоцтой Байдрагийн өргөгдлийг Монгол орны нутагт бус ерөөс Төв Азийн зулайд оршигч дэлхийн царцдас давхаргын нэгэн цөм хэмээн үздэг учиртай. Энэ утгаараа тус сумын нутаг нь Төв Азийн эртний эх тивийн гол цөмийг төлөөлсөн онцгой өвөрмөц газар мөн билээ.

Тус нутагт эрт дээр үед бор гөрөөс элбэг, хээр талд цагаан зээрийн сүрэг багширч байсан гэдэг. Тарвагаар баян байсан бөгөөд социализмын үед 12 мянган тарваганы арьс бэлтгэж байжээ. Үнэг, чоно, хярс, мануул, дорго, өмхий хүрэн, зурам, бор туулай зэрэг амьтадтай. Өндөр ууландаа цөөн тооны янгир, шилүүс амьдардаг.

Баянбулаг сумаас 1921 оны партизан Б.Цамба, тарваган тахлын аюулт өвчнөөс бяцхан охин болон олон хүний амь аварч, мөнхийн гавьяа байгуулсан хүний бага эмч Ц.Магсар /энэ хүний хөшөөг аймгийн Нэгдсэн эмнэлгийн урд талбайд босгон мөнхжүүлжээ/, 1935, 1945 оны эрэлхэг дайчин П.Дорж, Но.Сандаг, Л.Лхамсүрэн, Б.Лхамсүрэн, Б.Дамдин, Г.Далхаа, хошуу тамгын бичээч Б.Баатар, хөдөлмөрийн баатар Ж.Чулуунбаатар /Баянхонгор аймгийн анхны хөдөлмөрийн баатар болжээ/, хоньчин хөдөлмөрийн баатар Л.Бэгз, сум нэгдлийн даргын албыг 40 гаруй жил хашсан хөдөлмөрийн баатар Г.Жамсран, улсын сайн малчин Д.Бэгзжав, Д.Гонгор, Ч.Жамъян, улсын хошой аварга малчин Л.Чадраабал, улсын аварга малчин Ц.Бэгз, Б.Равжир, О.Магсаржалам, улсын залуу аварга малчин Б.Рагчаа, улсын тэргүүний мал тууварчин С.Цээлхаажав, улсын анчин Н.Пүрэв, Н.Ядамсүрэн, М.Жагдаг улсын сайн малчин Ч.Даваажаргал, М.Батболд нарыг дурдаж болно.

Баянбулагийнхан оюунлаг, авьяаслаг, ард түмэндээ хүндлүүлсэн олон арван эрдэмтэн, удирдах хүмүүс төрүүлсэн өлгий нутаг. Гавъяат барилгачин Л.Төмөрбаатар, геологи минерологийн ухааны доктор Д.Доржнамжаа, хэлбичгийн ухааны доктор С.Дулам, эдийн засгийн ухааны доктор Н.Банзрагч, Н.Сэндэнжав, анагаах ухааны доктор Б.Жамбалжамц, сурган хүмүүжүүлэх ухааны доктор Ж.Даваа, газар зүйн ухааны доктор Д.Даш, доктор З.Сарантуяа, Б.Сономбалжир, нэрт зохиолч П.Лувсанцэрэн, хүүхдийн зохиолч Р.Ядмаа, яруу найрагч ”Мөнгөн цомын эзэн” С.Дулам, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч, сэтгүүлч На.Сүхбат, Мя.Жадамбаа, нэрт жүжигчин Ж.Дорлигжав, УАДБЧ-ын дуучин Л.Базарваань, Маск продакшны жүжигчин М.Баярмагнай, Монголын Зурхай сүнс судлалын Ухааны Академийн хүндэт доктор, Чингис Хааны Дэлхийн Академийн жинхэнэ гишүүн, академич Б.Пүрэвсүрэн, шатрын спортын дэд мастер Д.Дүгэржав /аймагтаа анхны мастер болсон/, цагдаагийн хурандаа Л.Жамъян, хурандаа Б.Лхагваа, М.Си. Эс группын ерөнхийлөгч Ж.Оджаргал, М.Си.ЭС констракшн компанийн захирал Ж.Од, ”Нийслэл өргөө” ХХК-ний захирал Б.Ганзориг, Өвөрхангай аймаг дахь ”Ган хийц” ХХК-ний захирал Л.Төмөрбаатар, иргэдэд үйлчлэх ”Буян” компанийн захирал Б.Дагийсүрэн, ”Монгол тамхи” компанийн ерөнхий ня-бо Д.Ганаа, Нэгдсэн III эмнэлгийн зөвлөх эмч Б.Мэндбаяр, сэтгүүлч С.Цацралт, улсын начин Я.Цэрэндорж, Д.Батболд, цэргийн арслан Г.Банзрагч, аймгийн арслан Д.Болд, Ц.Шийрэв, Д.Энхбат нарын алдар цуутан олноор төржээ.


Дааган чулуу
Дааган чулуу нэртэй сондгой ганц цул боржин хад Баянбулаг сумын төвөөс зүүн хойш 10 км-т Даагын өндөр улаан хэмээх уулын өвөр бэлээс ундарсан Даагын булгийн зүүн этгээдэд буй. Дааган чулуу нь аймгийн хамгаалалттай дурсгалт газар юм.
Нутгийн хөгшдийн хуучилснаар “Дааган чулуу” хэмээх нэр нь дээр цагт уяачид наадамд уралдуулах даага, шүдлэнгээ бага гэрийн дайтай энэхүү хадыг тойруулан уяж сойдог байсантай холбоотой гэх ба нэгэн жишээ нь Сэрвэн уулнаас гарч ирсэн аварга могойг дарсан чулуу хэмээх домог ч байдаг.
Дааган чулууны баруун урд тал дээр эмээлийн даруулгын хэртэй олон тооны дугуй хонхорууд болоод тэдгээрийн гол хэсэгт уран нарийн дүрслэлтэй загалмай цоолборлосон нь урьд өмнө монгол орноос олдож байгаагүй өвөрмөц сонирхолтой дурсгал болно.
Уг боржин хадны өгөршилт, талстуудын ховхролтоос үзвэл тойруулан уралсан дугуй хонхорууд нь дээр цагт одоогийнхоос илүү олон тоотой байсан нь илэрхий бөгөөд эдүгээ ийм хонхорын тоо нийт зуу гаруй буйгаас 80 орчим нь загалмай бүхий баруун урд хавтгай дээр байрлажээ. Нөгөөтэйгүүр Дааган чулуун дээр дүрсэлсэн зүйлс нь эртний нүүдэлчдийн од эрхсийг шүтэх шүтлэг, цаг улирлын солигдол, одон гарагийн орчил хөдөлгөөнтэй холбоо бүхий одтой тэнгэрийн зураг байхыг үгүйсгэх аргагүй юм.


Дөшинбаагийн даваа
Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Ар жаргалант 2 хоёрдугаар багийн нутагт сумын төвөөс хойд зүгт 32 км Өвөр жаргалантаас Ар жаргалант руу давдаг даваа. Дөшингийн даваа нь ДТД 2752 (м) урьд цагт Бээжингээс Улиастай 2 холбосон гол зам байжээ. Тийм учраас энэ давааг манж хятадууд их тахиж тайж мантуугаар хүндэтгэл үзүүлж байсан ба Бээжингээс Улиастай хүрэх замын хамгийн өндөр даваа байсан учир Манжийн хаанаас Баа хэмээх цол хайрлаж том ширмэн Хонхоор шагнаж үүнээс хойш Дөшинбаагийн даваа гэж нэртэй болжээ.
Тус овооны өндөр нь 4м өргөн нь 6 м орчимтой. Сүүлд нь 2019 онд Олонбүлтийнхний ураг удмын баярын хүрээнд урд овоонд нь Сорогшин буюу амь мод залсан байна.

Related news