БАЯНХОНГОР: "Хүмүүн бичиг" сониныг хамт олноороо тогтмол захиалан уншиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Өлзийт сумын Засаг даргын Тамгын газрын хамт олон сүүлийн таван жил гаруй хугацаанд Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг "Хүмүүн бичиг" сониныг хамт олноороо 100 хувь захиалан уншиж байна.
Тус байгууллага 33 албан хаагчтай, 2020 оноос эхлэн бүх албан хаагч монгол бичгээр унших, бичих ур чадварыг дээшлүүлэх төлөвлөгөөт олон ажил, мэргэжлийн багш нартай хамтран үндэсний бичгийн сургалтыг тогтмол зохион байгуулж байна.
ЗДТГ-ынхан албан бичиг хөтлөлт болон албан хаагчдын өрөөний хаягийг үндэсний бичгээрээ бичиж, монгол бичгээ хичээнгүйлэн суралцаж, бусад байгууллагаа уриалан, манлайлж ажиллаж байгаа юм.
Өлзийт сумын “Хэлний бодлогын салбар зөвлөл”-өөс төрийн албан хаагчдын дунд зохион байгуулсан “Үндэсний бичигтэн хамт олон” аяны үйл ажиллагаанд тус хамт олон гуравдугаар байрт шалгарсан. Түүнээс гадна “Сайн оюут” ерөнхий боловсролын сургуулийн 100 жилийн ойн хүрээнд төрийн албан хаагчдын дунд зохион байгуулсан “Үндэсний бичгийн олимпиад”-д Тамгын газрын Сан хариуцсан нягтлан бодогч Г.Очгэрэл нэгдүгээр байр, байгаль хамгаалагч Г.Идэрмөнх тусгай дөрөвдүгээр байрт шалгарсан амжилт гаргажээ.

Ulaanbaatar