ХӨВСГӨЛ: "Эв модны наадам" маргааш эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-07-22 12:25:03

Мөрөн, 2024 оны долоодугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Буриад Улсын Түнхэн, Ахын аймаг Хөвсгөл аймгийн Ханх сум жил бүр ээлжлэн зохион байгуулдаг “Эв модны наадам” маргааш Ханх суманд эхэлнэ.


Орос, монголчуудын хооронд анх удаа 1727 онд ийм баяр болж байжээ. Гэхдээ эхлээд хамтарсан хурал хийж байсан бол сүүлдээ өргөжиж наадам болсон байна.


Эв модны наадмыг Хөвсгөл, Булган аймагт "Ханхын болзоо", "Хантайн арилжаа" гэсэн нэртэйгээр хийж, улмаар Зэлтэр, Хярааны, Хүдэр зэрэг харуулуудын нутагт зохиодог байжээ.

Хөвсгөл аймгийн Ханх суманд 1998 оноос эхлэн тэмдэглэж ирсэн байна.




Эв модны наадмын үеэр болзоот худалдаа, наадам хийгээд төгсөхдөө хоёр улсын хилийн дээс газраас мод хэсэглэн авч цуулаад хоёр талын харуулын занги буюу эсвэл ахмад, нэр хүндтэй монгол-орос хоёр хүнд торгонд боож хадгалуулдаг.


Дараагийн болзоот өдөр уулзахдаа хоёр талаас ирсэн бүx хүний нүдэн дээр хоёр талын харуулын занги боодолтой модоо задлан цуулсан эвээр нь нийлүүлж үздэг. Ингээд уг мод хаягдаж, солигдоогүй бол яг цуулбарынхаа эвээр нийлдэг. Энэхүү эв мод хоёр талын ард түмэн санал сэтгэл хувираагүй эв найртай, итгэлтэй байгаагийн бэлгэдэл юм.

 

Related news