Онцгой байдлын алба хаагчид 20 иргэнийг үерийн бүсээс аварчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
b.munkhzul@montsame.gov.mn
2024-07-22 10:43:00

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод долоодугаар 20-ны 22:00 цагаас эхлэн үргэлжлэн орсон борооны улмаас нийслэлийн Онцгой байдлын газарт ус тогтсон 20 дуудлага иржээ.


Тухайлбал, Налайх дүүрэгт үер буусны улмаас Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 15 км замыг туулан 07:05 цагт очиж, амралтын газар 11 иргэн үерийн усанд боогдсон байсныг аврах завь ашиглан аварчээ. Мөн 25-А2, 24-11А  гудамжны айлууд үерийн усанд усанд автаж болзошгүй, боогдсон байсан 50 см-ийн өндөртэй, 15 метрийн урттай хамгаалалтын далан байгуулж, хоёр өрхийн долоон иргэнийг аюулгүй газарт гаргасан байна.


Өнөөдөр, маргааш үргэлжлэн бороо орох төлөвтэй бөгөөд Нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга Д.Оюунбат мэдээлэл өглөө. Тэрбээр, “Улаанбаатар хотод долоодугаар сарын 20-ны 22:00 цагаас эхлэн үргэлжлэн орсон борооны улмаас ус тогтсон нийт 20 дуудлага, мэдээллийн дагуу 28 байршилд нийслэлийн холбогдох мэргэжлийн байгууллагын нийт 220 алба хаагч, 71 машин техниктэй ажиллаж 14403 тонн ус соруулсан. Мөн 540 шуудай элсээр 300 метр далан босгон, 300 метр суваг, шуудуу татаж, тогтоол усанд боогдсон 20 иргэнийг аюулгүй бүсэд гаргалаа. Ойрын өдрүүдэд тур зуурын бороо орох төлөвтэй байгааг ЦУОШГ-аас мэдээлсэн. Иймд иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд мэргэжлийн байгууллагуудаас өгч буй сэрэмжлүүлэг мэдээллийг цаг тухай бүрд нь авч, болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна” гэв.


Долоо болон наймдугаар сард олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байгаа бөгөөд аялал, зугаалгын улирал үргэлжилж байгаа тул гол усны аюулаас урьдчилан сэргийлэх шаардлагатай гэдгийг онцолж байв.

 

 

Related news