Монгол, Сингапурын бизнес уулзалтаар эрчим хүч, тогтвортой хөгжлийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-07-23 14:42:24

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Сингапураас манай улсад бизнесийн 20 орчим компанийн төлөөлөл ирэх гэж буй талаар МҮХАҮТ-аас мэдээлллээ.


Улмаар наймдугаар сарыын 12-13-нд Монгол-Сингапурын бизнес форум, бизнес хоорондын уулзалтыг хоёр талаас зохион байгуулах аж. Уулзалтыг:

  • Эрчим хүч, тогтвортой хөгжил,
  • Үл хөдлөх хөрөнгө,
  • Тээвэр логистик,
  • Бизнесийн үйлчилгээ,
  • Зөвлөх үйлчилгээ, дизайны менежмент,
  • Эрүүл мэнд, эмзүй, биотек,
  • Хүнсний үйлдвэрлэл, хүнс, ундаа,
  • Санхүүгийн үйлчилгээ,
  • Тавилга, интериор засал,
  • Барилга төлөвлөлт, угсралт,
  • Даавуу, текстил, бэлэн хувцас,
  • Хөрсний нөхөн сэргээлт, зөвлөх үйлчилгээний чиглэлээр зохион байгуулах аж.

Монгол, Сингапурын бизнес хоорондын уулзалтыг МҮХАҮТ, Сингапурын Бизнесийн холбоо хамтран зохион байгуулна. Бизнес уулзалтаар Сингапурын ажил хэргийн төлөөлөл Монголын бизнес эрхлэгч нартай уулзаж, цаашид хамтран ажиллах яриа хэлэлцээр хийх юм. Энэ нь хоёр талын 4 дахь уулзалт болно.



Үүний өмнө Сингапурын талаас Монголын ААН, компаниудыг Зүүн өмнөд Азийн зах зээлд гаргах чиглэлээр бизнесийн цуврал сургалтыг Монголд явуулсан юм. Үүнд ноос, ноолуур, эм зүй, рашаан сувилал, аялал жуулчлалын компаниуд хамрагдаж, 3-4 компани бизнесийн инкубатороор дамжин Азийн орнуудын зах зээлд хэдийнэ нэвтэрч, бүтээгдэхүүнээ гаргаж эхлээд байна. Ялангуяа Монголын байгалийн гаралтай эко бүтээгдэхүүн олон улсын зах зээлд эхнээсээ гарсан юм.


Сингапурт хөгжиж буй орны ЖДҮ болон худалдаа эрхлэгчдийг Зүүн өмнөд Азийн зах зээлд гаргах зорилготой "Business Entry program-Singapore Incubator" бизнесийн хөтөлбөр хэрэгждэг. Тус хөтөлбөр Монгол зэрэг хөгжиж буй орнуудын бизнес эрхлэгчдийг гадаадын зах зээлд гаргахад нь "бойжуулж" сургах инкубатор цуврал үйл ажиллагааг явуулдаг юм. 


Нэмж мэдээлэхэд, Сингапурын "Business Entry program-Singapore Incubator" бизнесийн хөтөлбөр "Action community entrepreneurship Singapore (ACE)"-тай хамтран Монгол Улсын Мэдээлэл технологийн Үндэсний парк "Азийн зах зээлд нэвтрэх хамтын ажиллагааны хурдасгуур хөтөлбөр" буюу мэдээлэл-технологийн сүүлийн үеийн дэвшлийг ашиглан энтрепренер буюу гарааны компаниудыг төрүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж иржээ. 



Related news