ДАРХАН-УУЛ: Тарвага сэргээн нутагшууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-07-25 12:55:12

Дархан, 2024 оны долоодугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, зүй зохистой ашиглах чиглэлээр олон ажил зохион байгуулж байна. Энэ хүрээнд Хонгор сумын хоёрдугаар багийн нутагт 25 монгол тарвага нутагшуулах ажлыг зохион байгууллаа.


Уг ажлыг "Амьтны эрх хамгаалах нийгэмлэг" мэргэжлийн байгууллага, орон нутгийн нөхөрлөлүүд, Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөнд тусгасан ажлын хүрээнд дэмжлэг туслалцаа үзүүлж "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК хамтран ажиллажээ.


Тарвага нутагшуулснаар тус бүс нутгийн биологийн төрөл зүйл нэмэгдэж, экологийн тэнцвэрт байдал бий болдог гэж байгаль хамгаалагчид хэлж байна. Мөн тарвага нь газрын хөрсийг сийрэгжүүлэх, ургамлын гарцыг нэмэгдүүлэх, цөлжилтийг саармагжуулах зэрэг олон талын ач холбогдолтой.

 

Ташрамд, "Амьтны эрх хамгаалах нийгэмлэг" ТББ-тай хамтран 2021 онд Хонгор сумын нутагт арав, 2022 онд 25 тарвагыг нутагшуулж, хамгаалалтыг нутгийн иргэд, нөхөрлөлүүдэд, байгаль хамгаалагчдад хариуцуулжээ.


Related news