ДУНДГОВЬ: Анхны банкны байгууллага 1942 оны 2 дугаар сард байгуулагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-08-07 16:27:24
altantogos

Мандалговь, 2024 оны наймдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, хөгжсөний түүхт 100 жилийн ой энэ жил тохиож байна. 


Харин Дундговьд анхны банкны байгууллага аймаг байгуулагдсаны дараахан 1942 оны 2 дугаар сард Монгол, Зөвлөлтийн хувь нийлүүлсэн Худалдаа аж үйлдвэрийн банкны харъяа Банкны хэлтэс нэртэй байгуулагдан 10 орон тоотой 2 гэрт үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй.


Тухайн жилд хөдөлмөрчдийн хувийн хадгаламж хуримтлуулах, ардын хувийн аж ахуйтанд урт хугацаатай болон анхны хоршоо, гар үйлдвэрт богино хугацаатай зээл олгох үйл ажиллагааг явуулж, 13,2 мянган төгрөгийн зээл олгож, 6,6 мянган төгрөгийн хувийн хадгаламж нээж, 62,2 сая төгрөгийн гүйлгээ хийсэн байдаг.


Банкны байгууллага өргөжин 1962 онд Эрдэнэдалай суманд банкны анхны салбар, хэлтэс, 1964 онд 3 суманд, 1969 онд 9 суманд тооцооны касс, байгуулж, улмаар 1978 он гэхэд бүх суманд тооцооны касстай болжээ.


Харин өнөөдөр Монгол банкны Дундговь дахь салбар нь Говьсүмбэр болон өөрийн аймгийн ХААН, ХАС, Төрийн банкны 6 салбар, 37 тооцооны төвийг хариуцан ажиллаж байна. Эдгээр салбар тооцооны төвд 252 ажилтан ажиллаж, 2 аймгийн иргэдэд үйлчилгээ үзүүлдэг.  


Өнөөдөр Дундговь аймагт 30972 иргэн 116,1 тэрбум төгрөгийн хадгаламж эзэмшиж, 18754 үйлчлүүлэгч 210,13 тэрбум төгрөгийн зээлтэй байна. Давхардсан тоогоор 79611 иргэн данс эзэмшдэг ба тэдгээрийн 40,5 хувь нь мобайл банк, 49 хувь нь интернэт банк, 50,5 хувь нь SMS банк ашиглаж байна.


Цахим банкны төхөөрөмж хэрэглээнд нэвтэрснээр тус аймагт АТМ, БМОЗ машин 18, ПОС, ПОБ төхөөрөмж 825 ширхэг машин үйлчилгээнд ашиглагдаж байгаа ба картаар үйлчлэгч байгууллага 114, иргэн 629 байна. Харин 42126 иргэн карт эзэмшдэг юм.













Related news