Өнгөрсөн онд 69.6 сая тонн нүүрс экспортолсон нь төсвийн орлогыг нэмэгдүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийх үеэр Сангийн сайд Б.Жавхлан өнгөрсөн онд 69.6 сая тонн нүүрсний экспортолсон нь төсвийн орлого нэмэгдүүлэхэд гол хүчин зүйл болсон хэмээн онцлов.
Сүүлийн жилүүдэд Засгийн газраас хилийн боомтын нэвтрэх
хүчин чадлыг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажилласны үр
дүнд дээрх үзүүлэлтийг хангасан байна. Өөрөөр хэлбэл, 2023 онд нүүрсний экспорт
өмнөх оноос 37.8 сая тонноор нэмэгдсэн аж.
Засгийн газрын 2022 оны “Гадаад валютын улсын нөөцийг
нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 362 дугаар тогтоолын
хүрээнд экспортод гаргах нүүрсийг нээлттэй, цахим арилжаагаар хийж, хилийн
үнээр борлуулж буй. Монгол Улс 2023 онд 163 улстай худалдаа хийж, гадаад
худалдааны нийт бараа эргэлт 24.4 тэрбум ам.доллар болж өмнөх оноос 15 хувиар
өссөн бол гадаад худалдааны тэнцэл мөн адил ашигтай гарсан байна.
Экспорт өмнөх оны мөн үеэс 21.1 хувиар өсөж 15.2 тэрбум
ам.долларт хүрэхэд нүүрсний экспорт 36.8 хувиар буюу 2.4 тэрбум ам.доллароор
өссөн нь голлон нөлөөлсөн гэж
Б.Жавхлан сайд танилцуулгадаа дурдав.