ХӨВСГӨЛ: Зуслангийн бүсчилсэн хөгжлийн хөтөлбөрт 420 хүүхдийг үнэгүй хамруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-09-12 15:07:35

Мөрөн, 2024 оны есдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг энэ оныг Хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих жил болгон зарласан.

Нэрлэсэн жилийн хүрээнд ажлын баг хуралдаж, ажлын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнг хэлэлцлээ.




Тус аймгийн "Уран дөш" зуслан хүүхдийг тэгш хамруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхдүүд бие даах, амьдрах ухааны чадварт суралцах, бусадтай нөхөрлөх, хөгжих боломжийг олгох зорилгоор зуслангийн бүсчилсэн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж 420 хүүхдийг үнэгүй амраасан байна.

 

Хүүхдүүд зусланд амьдрах ухааны, хувь хүний хөгжлийн хөтөлбөрт оролцож, Хөвсгөл далай руу сонирхолтой аялал хийж, бусдаасаа суралцан хамтарч хөгжсөн байна.


Хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих жилийн хүрээнд хүүхэд, өсвөр үеийнхний дундах эрт илрүүлэг үзлэгийг зохион байгуулж байна.


Мөрөн сумын ерөнхий боловсролын сургууль орчимд замын тэмдэг тэмдэглэгээ, гэрлэн дохио хийж, Сод-Эрдэм, Нутгийн аваргууд сургуулийн номын санг шинээр тохижуулж хүүхэд, өсвөр үеийнхэнд ном унших, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлжээ.


Аймгийн Хүүхдийн ордонд 15 төрлийн дугуйлан хичээллэж, 650 гаруй хүүхэд хамрагдсан ба шатрын дугуйлангийн сурагч Н.Аз-Эрдэнэ дэлхийн аварга болсон зэрэг олон амжилт гаргаж буйг Хөвсгөл аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Ч.Дашбаяр онцолж байлаа.


Тус  аймагт 15-34 насны 41698 хүүхэд, залуус амьдарч байгаагийн дотор 18-34 насныхан 35620 байдаг юм.

 

Related news