Г.Эрдэнэбаатар: Иргэн бүр гэртээ байгаа морин хуураа хөглөөд тавьчихдаг болоосой гэж хүсдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-09-12 17:24:42

Зуунмод, 2024 оны есдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Соёл, урлагийн ажилтны өдөрт зориулан Төв аймгийн Монгол туургатан театрын морин хуурч, соёлын биет бус өв тээгч, СТА Гомбодоржийн Эрдэнэбаатартай ярилцлаа.


Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу жил бүрийн есдүгээр сарын 2 дахь долоо хоногийн ням гарагийг үндэсний хэмжээнд “Соёл, урлагийн ажилтны өдөр” болгон зарласан. Уг өдрийг 1993 оноос хойш уламжлал болгон тэмдэглэж, энэ жил 31 жилийн ой тохиож байна.


-Аав тань нутаг орондоо алдар суутай морин хуурч хүн байсан гэдэг. Таны хувьд морин хуур хөгжимтэй "танилцаж" байсан түүхээсээ хуваалцвал?

-Морин хуур хөгжим бол миний амьдрал, удам судрын үнэт зүйл, бахархал минь юм. Миний аав П.Гомбодорж нь боржгины алдарт хуурч бөгөөд удам дамжсан морин хуурч байсан. 1950 онд Монголын радиод “Хээр халтар” гэх уран бүтээлээ бичүүлж байсан нь одоо ч чанартай байдаг нь гайхалтай.


Би 5 настайгаасаа аавынхаа хуурын хялгасыг тасалж морин хууртай танилцаж байлаа. Хамгийн анх 7 настайдаа “Шивээ хиагт” гэдэг дууны аяыг сураад урлагийн үзлэгтээ оролцож байсан. Аав минь хээр морь хатираад сүүл нь салхинд исгэрч байгаа мэт их чамин татлагатай байсан ч тэр л татлагыг сурч чадаагүйдээ их харамсдаг.


-Мэргэжлийн морин хуурч болох замнал хэдий үеэс эхэлсэн бэ?

-Бага ангидаа жаахан тоглож байгаад хүүхэд байсан тул өөр зүйл сонирхоод орхисон. 13 настай байх үед аав минь нас барж, удалгүй гэр минь шатаж, бүх хуур хэрэгслүүд үгүй болсон юм. 6 дугаар ангид байхаас морин хуурын аялгууг өөрөө тоглож байгаа мэтээр зүүдэлж эхэлсэн. Тухайн үед Дагва /нутгийнхан дууддаг нэр/ гуай дээр очоод зүүдэлж байгаагаа хэлэхэд надад толгойгүй иш өгснөөр 3 жил түүн дээр тоглосон байдаг. 8 дугаар ангиа төгсөх жил буюу 1989 онд Ж.Сандаг багшид шавь оруулахаар ээж минь дагуулан очсон.


Ингээд намайг 16 настай байх үед Ж.Сандаг багш Зуунмод сумын Соёлын төвийн захирал болсноор Д.Жанцанчой багшид шавь орж, хуурыг мэргэжлийн түвшинд суралцаж эхлээд Монгол туургатан театрт морин хуурчаар ажиллаж эхэлсэн.




-Морин хуур тоглохоор бэлдэхдээ байнга хийдэг үйлдэл байдаг уу?

-Аав минь заавал гар нүүрээ угааж морин хуураа барихыг зөвлөдөг байсан. Морин хууртаа хүндэтгэлтэй хандаж байгааг илтгэж байгаа гэж боддог учраас одоо ч хэрэгжүүлдэг. Мөн маш урт хугацаагаар бэлтгэл хийхэд зөв суух шаардлага үүсдэг учраас цэх сууж сурсан нь амьдралд их хэрэгтэй байдаг.


-Морин хуур тоглож байх үедээ юу мэдэрдэг вэ?

-Тоглож байгаа аяаа төсөөлж яг л тэр газарт очсон мэт болдог. Ая тоглоод дуусахад их л амьсгаадсан, зүрх түргэн цохилсон, ам цангасан байдаг. Ингэж төвлөрч сурахын тулд цайны цаг, ажил тарах үеэр бэлтгэл хийдэг байсан.




-Таны хувьд морин хуур хөгжмийг тоглохын зэрэгцээ ерөөлч магтаалч, хөөмийч, морин хуур урлаач гээд их олон зүйлийг хийдэг. Тэгэхээр эдгээрийг хэзээ, яаж суралцаж байсан бэ?  

-Морин хуур тоглох нь удмаас өвлөгдөж ирсэн зүйл бөгөөд цаашид ч үр хүүхдүүддээ уламжлуулна. Харин Д.Жанцанчой багш минь морин хуурыг маш сайхан хийдэг. Алт, мөнгөөр чимэглэж урладаг байсан юм. Багшийнхаа урланд хийж байгаа зүйлсийг нь харсаар байгаад өөрөө хийж эхэлсэн.


Хөөмий, ерөөл магтаалыг өөрийн хоолойноос ичээд их хожуу сурсан. Багш минь "төмөр шиг" чанга хоолойтой, уран яруу сайхан тод хэллэгтэй байсан тул хажууд нь оролдож дуугарах ч ичмээр санагддаг байлаа. Гэвч багш минь намайг дутуу үнэлэлгүй хийхгүй байсан ч хамаагүй мэдэж авах ёстойг сануулж, үг, амьсгал хуваарилалт, магтаж байхад хуур яаж дуугарах, микрофонтой хэр ойртож холдох гээд их зүйлсийг нарийвчлан зааж өгсөн. Дараа нь ганцаараа байхдаа оролдоод үзтэл үгийг нь цээжилчихсэн байсан. Би бүүр шүлэг ч цээжилж чаддаггүй хүүхэд байсан мөртлөө ерөөл магтаалыг цээжилсэн байсан нь байнга сонсдог байсантай холбоотой гэж боддог. Одоо ч юмсыг цээжлэхдээ сонсож байгаад цээжилдэг. Хөөмий, ерөөл магтаалыг хэлэхэд зөв амьсгалах нь хамгийн чухал гэдгийг маш их бэлтгэл, дасгалын дүнд мэдэрч суралцсан байдаг.


-Морин хуурыг урлахдаа таны анхаардаг гол зүйл юу вэ? Таны урлаж байсан морин хуур дундаас давтагдашгүй онцгой бүтээл байдаг уу?

-Хуурын хийц нүд баясам, бариад суухад бахархам, хөглөн татахад яруухан байхаар сэтгэл дүүрэн байдаг учраас хийц чанар, өнгө үзэмж, сийлбэр зохиомжийг чухалчлан анхаардаг. Төв аймгийн Хан хуурыг 24 жилийн өмнө хийсэн байдаг. Майдарын ногоон халзан толгой, мөнгөн хазаартай, төрийн сүлдийг сийлж, ишин дээр нь түмэн наст хээг урлаж, цар дээр нь төрийн 7 эрдэнийг шигтгэж, хаан бугуйвч, хатан сүйх, цагаан лавайг хадганд ороосон байдлаар татуургыг нь хийсэн. Энэ бүтээл бол миний амьдралдаа хийж байсан давтагдашгүй урлал байсан. Нэг жилд 400 гаруй морин хуур урладаг хүний хувьд тийм нандин гайхамшигт бүтээлийг яаж ч хичээсэн давтаж чаддаггүй юм.




-Морин хуур хөгжмийг тоглож сурахын давуу талыг та юу гэж боддог вэ?

-Морин хуур хөгжим хувь хүн төлөвшиж сурахад их тустай. Тухайлбал, зан ааш дөлгөөн, даруухан, тайван, түвшин болдог. Мөн сууж сурахын зэрэгцээ хуруу гар уян хатан, хурдтай болж, төсөөлөн бодох чадвар хөгждөг давуу талтай.


-Хөгжим дарж сурахад оройтсон гэдэг шалтгаанаар залуус суралцахаас татгалздаг. Энэ тал дээр таны бодол?

-Суралцахад нас хамаагүй гэдэг ч хөгжимд зарцуулсан цаг бол тухайн хүнийг сонирхогч уу, эсвэл мэргэжлийн хөгжимчин үү гэдгийг хэлээд өгдөг. Маш их хичээл зүтгэлтэй байж чадвал мэргэжлийн түвшинд биш ч сайн суралцах боломжтой. Миний хувьд хүн бүхэн мэргэжлийн морин хуурч болох албагүй гэж боддог. Харин хүн бүхэн ямар нэгэн байдлаар морин хуур хөгжмийг суралцахаар эхлүүлж байгаасай гэж хүсдэг. Нэг сарын хугацаанд ч хамаагүй морин хуур хөгжмийг барьж суугаад, хөгийг нь тааруулаад, татлага хийж байсан хүн ямар нэгэн нэвтрүүлгээр морин хуурын тухай гарч байвал зогсоогоод үздэг болчихдог. Иймд огт хуур барьж үзээгүй хүнээс илүү оролдож үзэж байсан хүн байвал маш сайн гэж боддог.


-Нэг жилийн өмнө та 300 хүүхдэд морин хуур хийж өгч байсан?

-Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатарын дэмжлэгтэйгээр морин хуур хөгжмийг Төв аймагт дэлгэрүүлэх зорилгоор аймгийн Монгол туургатан театрын залуустайгаа хамтраад урласан. 27 сумын хүүхдүүдэд тарааж өгөөд сайн сурч байгаа олон хүүхэд нэмэгдсэнд баяртай байна.


Миний хувьд Монгол улсын иргэн бүр гэртээ байгаа хуураа хөглөөд тавьчихдаг болоосой гэж хүсдэг учраас тус хөгжмийг дэлгэрүүлэх үйлсэд өөрийн урлалаараа хувь нэмрээ оруулаад явж байна.  









Related news