Хятадын элсэн цөлд эрчим хүч хадгалах цахилгаан станц барьж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2024-09-13 11:57:46

ХӨХ ХОТ, 2024 оны есдүгээр сарын 13 /Xinhua/. Өвөр Монголын эрчим хүчний корпорац эрчим хүчний шинэ эх үүсвэрийг цахилгаан сүлжээнд холбохын тулд Улаан-Бух хэмээх Хятадын найм дахь том элсэн цөлд эрчим хүч хадгалах цахилгаан станцыг барьж эхэлжээ. 


605 мянган кВт-ын хүчин чадалтай уг станц түүн дээр суурилуулсан эрчим хүчний блокийн хүчин чадлаараа тус улсад баригдаж буй ижил төстэй төслүүдээс хамгийн том нь юм. Тус станцыг нарны цахилгаан станцаас хүлээн авсан цахилгаан эрчим хүчийг сүлжээнд тогтвортой нийлүүлэхэд ашиглах ажээ.


Станцын бүтээн байгуулалтын нийт өртөг 2.1 тэрбум юань (295 орчим сая ам.доллар) бөгөөд энэ онд багтаан ашиглалтад оруулж, эрчим хүчний шугамд холбохоор төлөвлөсөн байна.


Өвөр Монголын Өөртөө Засах Орны Эрчим хүчний хэрэг эрхлэх газраас мэдээлснээр, шинэ цахилгаан станц нь цэвэр цахилгаан үйлдвэрлэхээс гадна одоо баригдаж буй нарны цахилгаан станцтай хамт цөлжилттэй тэмцэхэд үр өгөөжөө өгөх болно.


Эрчим хүчний хоёр төслийг Дэнкөү хошуунд хэрэгжүүлж байгаа ажээ. Энэ оны дөрөвдүгээр сард тус хошуунд эрчим хүч үйлдвэрлэхээс гадна хүрээлэн буй орчныг байдлыг сайжруулахад ашиглах нарны цахилгаан станцыг барьж эхэлсэн бөгөөд оны эцэс гэхэд ашиглалтад оруулж эрчим хүчний сүлжээнд холбоно. Энэ станц жил бүр 3.16 тэрбум кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэж, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг 2.75 сая тонноор бууруулж, 44.6 мянган му (2973 га) элсэн талбайг нөхөн сэргээх ажээ.


Улаан-Бух цөл 15 сая му талбайг эзэлдэг бөгөөд нийт талбайн гуравны нэг орчим нь Баяннуур хотын Дэнкөү хошууны нутгийг хамардаг. Энд нар тусах хугацаа жилд 3000 цагаас давдаг байна.

Related news