Ногоон зээлийн хүүгийн хөнгөлөлтөд 1.5 тэрбум төгрөг төсөвлөжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
b.munkhzul@montsame.gov.mn
2024-09-18 12:37:47

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам 2013 оноос жил бүр уламжлал болгон “Ногоон технологи” үзэсгэлэнг зохион байгуулдаг билээ.


Тэгвэл ногоон бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийг хамруулсан 12 дахь удаагийн үзэсгэлэн Сүхбаатарын талбайд эхэллээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтарсан энэхүү үзэсгэлэнд олон улсын байгууллага, төсөл хөтөлбөр, ногоон зээл олгодог дөрвөн банк болон ногоон технологи нэвтрүүлж буй аж ахуйн нэгжүүд оролцож байна.


Засгийн газраас бүх түвшинд бүтээмжийг нэмэгдүүлж, дэлхийн нийтийн чиг хандлагын хүрээнд хандлагаа өөрчилж, тогтвортой, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, нөөцийн хэмнэлттэй, орчны бохирдол, хог хаягдлыг багасгах, бууруулах ногоон технологи инновац нутагшуулах чиглэлээр анхаарч ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд өмнө нь хэрэгжүүлж ирсэн ногоон технологийг дэмжих эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгож, эдийн засгийн хөшүүрэг болох татварын хөнгөлөлтийг өргөжүүлэн ногоон зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэд, бизнесийн салбарынхны хүртэх санхүүгийн бодит дэмжлэгийг нэмэгдүүлэх шаардлагатайг албаныхан хэллээ.


Өнгөрсөн хугацаанд байгаль орчинд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй бохир ус цэвэрлэх байгууламж, хог хаягдал бүрэн шатаах зуух, эрчим хүчний хэмнэлттэй лед гэрэл зэрэг 59 тоног төхөөрөмжийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлсөн. Мөн  эрчим хүчний хэмнэлттэй халаагуур, агаар цэвэршүүлэгч зэрэг 14 тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн байдаг. Үүнийг өргөжүүлж хог хаягдлын зохистой менежментийг сайжруулах чиглэлийн тоног төхөөрөмжүүдийг нэмж тусгахаар судалгаа хийж эхэлжээ.


Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн байгальд ээлтэй ногоон төсөл, үйл ажиллагааг дэмжих зорилгоор зээлийн хүүгийн татаас олгох ажлыг 2019 оноос хэрэгжүүлсэн. Ингэснээр эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн, гэр, байшингийн дулаалга, эко ариун цэврийн байгууламж зэрэг 34 нэр төрлийн “ногоон” бүтээгдэхүүнийг худалдан авахад зориулж иргэд, аж ахуйн нэгж байгууллагад жилд найм хүртэлх хувийн хүүтэй ногоон зээлийн үйлчилгээг гурван банктай хамтран зургаа дахь жилдээ хэрэгжүүлж байгаа юм. Энэ жил ногоон зээлийн хүүгийн хөнгөлөлтөд 1.5 тэрбум төгрөг төсөвлөж, гурван банктай гэрээ байгуулсан аж.












Related news