ХОВД: Өмнөх жилүүдтэй харьцуулахад номын баярт оролцогчийн тоо 30 хувиар нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-09-23 12:05:23

Жаргалант, 2024 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Номын баяр буюу "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2024" энэ сарын 20-22-ны өдөр Ховд аймагт боллоо.  


Энэ үеэр зохиолын баатруудын жагсаал, Дурсамжит уншлага, "Үлгэрээс үлгэрлэе" чанга уншлага, номын үзэсгэлэн зэрэг олон талт үйл ажиллагаа болжээ. Мөн ном хэвлэлийн хүрэлцээ хангамжийн судалгаа, уншигчийн сэтгэл ханамжийн судалгаа авчээ. 

 

Үндэсний бичиг соёлоо эрхэмлэн дээдлэгч, номтой нөхөрлөгч иргэд, албан байгууллага, хүүхэд, өсвөр үе, залуусын төлөөлөл 8000 орчим хүн энэ удаагийн номын баярт оролцсон байна.  


Үүнээс онцлоход, Ховд аймаг бүх нийтийн уншлагыг дэмжих, үндэсний бичиг соёлыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор номын баярыг угтсан 35 нөлөөллийн ажил, уралдаан, сургалт зохион байгуулсан юм. Үүнд 3000 гаруй хүн хамрагдсан бол намрын номын баярын үндсэн үйл ажиллагаанд 5000 орчим хүн оролцжээ. 


Өмнөх жилүүдтэй харьцуулахад номын баярт оролцогчийн тоо 30 хувиар нэмэгдсэн байна. Бас сурагчдын ном унших идэвх нэмэгдэж байгаа гэдгийг номын санчид онцоллоо.   


Ховд аймгийн Нийтийн номын сангийн долоон танхимаар он гарсаар 3600 хүүхэд үйлчлүүлжээ. Харин 400 гаруй хүн гэрээр ном олгох болон цахим үйлчилгээ авсан байна. Үүнээс гадна Буянт голын хөвөөнд гэр номын сан ажиллахад хоёр сарын хугацаанд 1200 гаруй иргэн, хүүхэд, залуус үйлчлүүлжээ.   




Related news