Долоон сурагч ОХУ-д үнэгүй суралцах эрхийн бичиг гардлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймагт болж буй Орос хэл, соёлын өдрүүдийн хүрээнд орос хэлний багш нар болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд орос хэлний олимпиад зохион байгуулав.
Сурагчдын дунд зохион байгуулагдсан олимпиадад Архангай, Орхон, Хөвсгөл, Дархан, Булган аймгийн сургуулийн 21 сурагч оролцсоноос 7 сурагч Оросын холбооны улсад үнэ төлбөргүй суралцах эрхийн бичиг гардан авлаа. Олимпиадын тэргүүн байрыг Хөвсгөл аймгийн Ханх сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч М.Дамдинсүрэн эзэлж, Мөрөн сумын Эрдмийн далай цогцолбор сургуулийн сурагч Э.Зуунбаяр, О.Батчимэг нар шагналт байруудад шалгарчээ.
Орос хэл, соёлын өдрүүдийн хүрээнд тус аймагт орос хэлний гүнзгий сургалттай ангийг нээж, орон нутагт шаардлагатай мэргэжлүүдээр ОХУ-д оюутан сургах гэнэ. Энэ жил Хөвсгөл аймагт хамгийн их шаардлагатай байгаа хөгжмийн багшийн мэргэжлээр Улаан-Үдэд 20 оюутан сургах ажээ.
Б.Гантуяа