Газын зурвас дахь дайныг зогсоохыг Палестины Ерөнхийлөгч уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-09-27 10:19:08

НЬЮ-ЙОРК, 2024 оны есдүгээр сарын 27 /Reuters/. Газын зурваст Израил ба Палестины ХАМАС бүлэглэлийн хооронд үргэлжилж буй дайныг зогсоохыг Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас пүрэв гарагт НҮБ-ын Ерөнхий Ассамблейд хандан уриалаад, Израилын тал Газын зурвасыг бараг бүхэлд нь сүйрүүлсэн бөгөөд цаашид тэнд хүн амьдрахад тохиромжгүй болоод байна гэж мэдэгдлээ.


Энэ галзуурлыг цаашид үргэлжлүүлж болохгүй. Манай ард түмэнд тохиолдож буй ийм зүйлд дэлхий нийт хариуцлага хүлээх болно” гэж тэрбээр Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлэхдээ онцолсон байна. 2023 оны 10 дугаар сарын 7-нд ХАМАС бүлэглэл Израил руу гэнэт довтолсноор 1200 орчим хүний амийг хөнөөж, 250 орчим хүнийг барьцаалан Газын зурвас руу авч явснаас үүдэн дайн дэгдсэн юм. Түүнээс хойш Израилын арми тус зурваст байлдааны ажиллагаагаа эрчимжүүлснээр Газын нийт 2.3 сая оршин суугчдын ихэнх нь орон гэрээ орхин дүрвэж, өлсгөлөн, халдварт өвчин дэгдэх эрсдэл үүссэн ба 41 мянга гаруй хүн амиа алдсан гэж Палестины эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ. АНУ, Катар, Египет зэрэг улсууд Газын зурваст гал зогсоож, ХАМАС-ын барьцаанд байгаа хүмүүсийг суллах асуудлаарх хэлэлцээнд зуучлахыг оролдсоор ирсэн боловч бүтэлгүйтсэн билээ.


Газад бүрмөсөн гал зогсоож, Баруун эрэг болон Зүүн Йерусалим дахь Израилын оршин суугчдын үйлдэж буй халдлагыг зогсоож, Газын зурваст хүмүүнлэгийн тусламж үзүүлж, Израилын цэргүүдийг бүс нутгаас бүрэн гаргахыг Палестины ерөнхийлөгч уриалжээ. Бид буфер бүс байгуулах, эсвэл Газын зурвасаас ямар нэг хэсгийг авахыг эсэргүүцэж байна. Газын нутгаас нэг ч сантиметрийг өгөхийг бид зөвшөөрөхгүй гэж тэрбээр хэлсэн байна.


Палестин улс Газын зурваст хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлж, хилийн шалган нэвтрүүлэх цэгүүд, ялангуяа Рафах боомтыг мэдэлдээ байлгах ёстой гэж М.Аббас хэлжээ. Түүний тэргүүлдэг Палестины засаг захиргаа Палестины бүх газар нутгийг хяналтандаа байлгах ёстой бөгөөд дайн дууссаны дараа сонгууль явуулна гэж тэрбээр хэлсэн байна.


Харин Израилаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Дани Данон Палестины Ерөнхийлөгчийн мэдэгдлийн хариуд хэлэхдээ "М.Аббас зөвхөн НҮБ-ын индэр дээрээс л энхийн замаар шийдвэрлэх тухай ярьж байна" гээд Газын зурваст дайныг өдөөсөн ХАМАС бүлэглэлийнхний халдлагыг буруушаасангүй хэмээн буруутгажээ.

 



Related news