Ван Гогийн зураг руу шөл цацсан хүмүүсийг баривчилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНЛОНДОН, 2024 оны есдүгээр сарын 29 /BBC/. Байгаль орчныг хамгаалагч идэвхтнүүдийн “Just Stop Oil” хөдөлгөөний гишүүд алдарт зураач Винсент ван Гогийн хоёр зураг руу шөл цацжээ. Тус хөдөлгөөний хоёр идэвхтэн ийм үйлдэл хийснийхээ төлөө хорих ял сонссоноос хойш хэдэн цагийн дараа ийм явдал болсон байна.
Тодруулбал, Лондон хотын төв дэх Үндэсний галарейд зохион байгуулж буй "Яруу найрагчид ба дурлалт хосууд" үзэсгэлэнд дэлгэсэн "Наранцэцэг" цувралын (1888, 1889) хоёр зураг руу “Just Stop Oil” хөдөлгөөний гурван гишүүн шөл цацжээ. Мэргэжилтнүүд зургуудыг шинжилж үзээд гэмтээгүй гэж дүгнэсэн байна.
"Just Stop Oil” хөдөлгөөний идэвхтнүүд болох 23 настай Фиби Пламмер, 22 настай Анна Холланд нар 1888 онд зурсан “Наранцэцэг” зураг руу 2022 оны 10 дугаар сард шөл цацсаны учир 2 жил 20 сар хоригдох ялаар шийтгүүлжээ.
Тус хөдөлгөөний идэвхтнүүд олон нийтийн Х (хуучнаар Твиттер) сүлжээнд нийтэлсэн дүрс бичлэгт хэлэхдээ "Газрын тос, байгалийн хийн олборлолтыг зогсоохыг шаардсаныхаа төлөө шоронд хоригдож байгаа хүмүүс байгаа бөгөөд ингэж хорих нь одоогийн засгийн газрын бодлого болж хувирсан. Хоригдож буй хүмүүсийн зөв байсныг хойч үеийнхэн мэдэх болно" гэжээ.
Ван Гогийн зураг руу шөл цацсан гурван идэвхтнийг хохирол учруулсан гэх үндэслэлээр саатуулсан гэж Лондоны цагдаагийн газраас мэдэгджээ
Сүүлийн жилүүдэд "Just Stop Oil"-ийн идэвхтнүүд Лондоны Үндэсний галерейн урлагийн бүтээлийг эсэргүүцлийн ажиллагааныхаа бай болгон сонгосон гурав дахь тохиолдол нь энэ юм.
2022 оны 7 дугаар сард тус хөдөлгөөний хоёр идэвхтэн Жон Констеблийн зураг дээр цавуутай гараараа дарж байжээ.