Голын хавцлууд үүссэнээс шалтгаалан Эверест оргил "өндөрсжээ"

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2024-10-01 12:29:28

ЛОНДОН, 2024 оны аравдугаар сарын 1 /The Guardian/. Эверестийн оргилоос зүүн хойш 75 км-ийн зайд голын хавцлууд үүссэн тул Хималайн нурууны ноён оргил болон бусад оргил сүүлийн 89 мянган жилийн хугацаанд 15-50 метрээр "өндөрссөн" болохыг Хятад, Их Британийн геологичид тогтоосон тухай Лондоны Их сургуулийн коллежийн хэвлэлийн алба мэдээлжээ. 


"Дэлхийн хамгийн өндөр оргил хүртэл байнга явагддаг геологийн процесст өртдөг, энэ үйл явц нь геологийн харьцангуй богино хугацаанд оргилын өндөрт ихээхэн нөлөөлдөг болохыг бидний судалгаа харуулж байна" гэж Бээжин дэх Хятадын байгалийн шинжлэх ухааны их сургуулийн профессор Жинген Дай хэлэв.


Эрдэмтэд Хималайн нурууны гол мөрнүүдийн өөрчлөлтийг судлахын тулд компьютерийн загварчлал гаргажээ. Тэдний тооцоолсноор, 89 мянга орчим жилийн өмнө Эверестийн хойд талд орших Арун голын дээд урсгал Төвөдийн өндөрлөгийг гатлан ​​зүүн тийш урсах ёстой байсан боловч доод урсгалтайгаа нийлж, Арун гол нь бүхэлдээ Коси голын системийн нэг хэсэг болжээ.


Энэ үйл явц нь Арун голд хавцлуудыг үүсгэж, чулуулгууд усанд их хэмжээгээр идэгдсэний улмаас голын хөндийн ёроолыг гүнзгийрүүлжээ. Үүнээс шалтгаалан мөсөн голууд болон асар том геологийн тогтцод дарагдсан дэлхийн царцдасуудын жин багасаж, эргэн тойрон дахь хуурай газрууд өргөгдсөн байна. Энэ нь Эверест болон дэлхийн дөрөв, тав дахь ноён оргилууд болох Лхоце, Макалу зэрэг оргилуудыг жил бүр 0.16-0.53 орчим миллиметрээр өндөрсгөж байна гэж эрдэмтэд тооцоолжээ.


“Энэ нөлөө эцэс төгсгөлгүй үргэлжлэхгүй. Голын систем шинэ тэнцвэрт байдалд орох хүртэл үргэлжилнэ" гэж Дай ярилаа.



Related news