БАЯНХОНГОР: Механик хөдөлгөөн, оньсон техник бүтээх монгол дархны анхны оролдлого - Хос бадамлянхуа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор, 2024 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Э.Самбуу дархны урласан хос бадамлянхуа цэцэг хэмээх гуулиар цутгаж алтаар шармалдсан, нэг кг ачаа тавихад хумигдаж хаагддаг оньсон товчлууртай хосгүй бүтээл аймгийн Музейд хадгалагдаж байна.
Тус бүтээл хэмжээний хувьд 9.7 см өргөн, 28 см өндөртэй, 3155 гр жинтэй, найман дэлбээтэй, түүн дээрээ найман тахилтай, гурав салдаг загвартай. Цэцэг, навч, үүл, хамар, угалз, мушгиа зэрэг хээ чимэгтэй төдийгүй ишин дээр нь цэцгэн хээ, үүлэн хээ, эвэр угалзыг ирмэглэн товойлгож цутгаснаараа онцлог. Мөн дэлбээ нь цэцгэн голтой бөгөөд суурийг бадамлянхуа цэцгээр хүрээлжээ.
Хос бадамлянхуа цэцгийг Ламын гэгээний тавдугаар дүр Лувсанпэрэнлэйтогмидын захиалгаар бүтээсэн түүхтэй. Ламын гэгээнд алтан аяга, шүрэн өвгөн байсан бөгөөд түүнийгээ хадгалах сав хийж өг гэсний дагуу хос цэцгийг бүтээжээ.
Хос бадамлянхуа цэцгийг дөрвөн хос буюу 8 ширхгийг хийж байсан гэсэн мэдээлэл байдаг ба үүнээс Баянхонгор аймгийн Музейн сан хөмрөгт нэг хос, нэг дэлбээ нь, мөн нэг цэцгийн гол хэсэг нь Хүрээмарал сумын Орон нутаг судлах танхимд хадгалагдаж байна. Баянхонгор аймгийн Музейн сан хөмрөгт байгаа бадамлянхуа цэцгийг музейн захирлаар ажиллаж байсан Л.Юндэнбат Эрдэнэцогт сумын иргэн н.Нэргүйгээс 1961 онд 400 төгрөгөөр худалдан авч, сан хөмрөгөө баяжуулж байжээ.
Хүрээмарал сумын орон нутаг судлах танхимд хадгалагдаж байгаа дурсгал нь 1975 оноос тус танхимд хадгалагдаж байгаа ба /75.11/ 760 гр жинтэй, 10.5 см өндөр, 10 см өргөн, 3 см зузаантай юм байна. Харин хаанаас ямар эх үүсвэрээс орж ирсэн нь тодорхойгүй байдаг аж.
Сонирхуулахад, монголчууд бадамлянхуа цэцгийг мандан бадрахын бэлгэдэл болгон эрт дээр үеэс дээдэлж иржээ. Дэлхийд ховор тооцогддог энэхүү цэцэг тогтуун цэнгэг устай нуур, голын тохой татуургад ургадаг бөгөөд өглөө дэлгэрч, шөнө дэлбээгээ хумина. Бүрхэг өдөр дэлбээгээ нээдэггүй байна. Лянхуа нь замагтай булингартай тогтуун цөөрөмд хамгийн хурдан ургаж, цагаан ягаан усан цэнхэр өнгийн дэлбээнүүдээ усны мандалд дэлгэдэг. Иймээс лянхуа нь мунхаглал, шунал хүслийн энэ хорвоод амьдравч, ямагт тэр бүгдийн дээгүүр ариун тунгалаг, гоо үзэсгэлэнтэйгээр орших гэгээрсэн хүмүүний бэлгэдэл байсаар иржээ.
Э.Самбуу дархан
Эдэнжавын Самбуу хэмээх алдартай дархан хүн одоогийн Баянхонгор аймгийн Жинст сум, хуучнаар Сайн ноён хан аймгийн Ламын гэгээн шавийн нутагт 1829-1891 оны үед амьдарч байжээ. Түүний онцгой билиг авьяасыг үнэлж Ламын гэгээн дэргэдэх дархнаараа ажиллуулж байсан түүхтэй.
Энэ хүний бүтээсэн 1.2 метр цагаан ногоон Дарь эх бурхан cop бүтээл нь бөгөөд Монголын нэртэй дархчуулын урласан бурхадтай эн зэрэгцэхүйц бүтээл бөгөөд эдгээр бурхад нь хэмжээний хувьд сүрлэг товируун, энгийн төв хийцтэй, уран сайхны төгс шийдэлтэй зэргээрээ нэн өвөрмөц. Харамсалтай нь, 1930-аад онд Ламын гэгээний хийдийг нураан түйвээхэд хоёр Дарь эхийг худаг дотор нууж авч үлдсэнээс мөрний лянхуа, хөлний удвал цэцэг, хүзүүний гоёл зэрэг нь унаж үгүй болжээ.
Э.Самбуу дархан, барималч, зохион бүтээгч, сэлбэн засагч тал талын их авьяасаараа XIX зууны баримал, дархны урлагийн том төлөөлөгч байсан гэж дүгнэдэг. Эл дархны сод бүтээл болох Ламын гэгээний хийдийн найман дацангийн орой дахь зэс хөөмлөн алтан шармал суварга, бодь гөрөөс шашин урлагийн давтагдашгүй бүтээл байсан гэж Ламын гэгээний үе үеийн дурсамжид байдаг.
Тэрбээр, дээдсийн гоц чамин хийцтэй эд өлгий, гоёл чимэглэлийг урлах тал дээр онцгой нэгэн байжээ. Жишээ нь Ламын гэгээний гутгаар дүр Пэрэнлэй тогмидод Нангиад газраас их бэлэг ирсний хариу бэлэг болгон гэгээнтний айлдвараар урласан хэт хутга юм. Ган татах маягаар хийсэн, хэтийг нь цахихад дээшээ алт мөнгөн луу цацардаг, доошоо алт мөнгөн азарга цахилдаг байсан хэмээн эх сурвалжид тэмдэглэсэн нь бий.
Түүнийг аугаа зохион бүтээгч байсан тухай домог мэт яриа олонд тархжээ. Ламын гэгээний майдар эргэх үеэр хангарьд шувууны дүрс хийн нисгэсэн нь 50 гаруй алд хөөрөөд газардсан, тэднийд ирэх айлчин, гийчнийг хоёр аягалж уугаад гурав дахь дээр нь "Боль, боль" гэж "ичээдэг" алт, мөнгөн бүслүүрт домбо /тусгай хэл зохион бүтээсэн/, худаг, шанднаас ус авч ирдэг ямаа гээд төмрөөр хийсэн урлал нь олны ам дамжин үлджээ.
Эдүгээ түүний бүтээлүүдээс аймгийн музейд алтан шармал, дэлбээгээ нээж, хумьдаг хос алтан шармал, голд нь 800 грамм орчим жингээр дарахад цэцгийн дэлбээ хумигддаг, хумьсан дэлбээ нь нэгэн оньс мултлахад дэлгэгддэг бадамлянхуа цэцэг зэрэг нь бий. Энэ нь механик хөдөлгөөн, оньсон техник бүтээх монгол дархны анхны оролдлого байжээ.