НАТО-гийн тэргүүн М.Рютте Киевт айлчилж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРКИЕВ, 2024 оны
аравдугаар сарын 4 /DW/. Нидерландын Ерөнхий сайд асан Марк Рютте
НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлыг хүлээж авснаасаа хойш хоёр хоногийн дараа буюу пүрэв
гарагт Украины нийслэл Киев хотод
хүрэлцэн иржээ.
Тэрбээр агаарын довтолгооны дуут дохио дуугарч байх үед Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзаж, Барууны цэргийн эвсэл Оросын түрэмгийллийн эсрэг тэмцэлд Украинтай хамт байгааг илэрхийлсэн байна.
М.Рютте үг хэлэхдээ, Украины “эрх чөлөөний төлөөх тэмцэл” нь НАТО-гийн үндсэн зарчим, үнэт
зүйлсийг илтгэж байна гэв. Тэрбээр В.Зеленскийд хандан хэлэхдээ “Украин НАТО-той урьд
өмнөхөөсөө илүү ойр дотно болоод байгаа бөгөөд танай
улс манай эвсэлд элсэх хүртэл ийм байдал үргэлжлэх болно” гэсэн
байна.
“Украин
өдрөөс өдөрт хүчирхэгжиж, НАТО-той хамтран ажиллах боломжтой болж, манай эвсэлд
элсэхэд урьд урьдынхаас илүү
бэлэн болж байна” гэж М.Рютте хэлээд, энэ нь Украиныг НАТО-д гишүүнээр элсүүлэх гүүрийг
барьж байгааг онцолжээ.
НАТО-гийн гишүүн орнууд Украиныг зэвсгээр хангах, гишүүн орнуудын шавхагдаж буй зэвсгийн нөөцийг нэмэгдүүлэхийн тулд үйлдвэрлэлээ өргөжүүлэх нь чухал болохыг тэрбээр нэмж хэлсэн байна. “Сүүлийн хэдэн долоо хоногт хэд хэдэн холбоотон улс Украинд цэргийн тусламж үзүүлэхээ зарласан бөгөөд үүнд Дани, Латви, Их Британи, мөн 8 тэрбум орчим ам.долларын тусламж үзүүлэхээ мэдэгдсэн АНУ багтаж байна” гэж М.Рютте хэлжээ.
Украиныг дэмжиж, өөрсдийн нөөцийг нөхнө гэдэг бол үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ гэсэн үг бөгөөд энэ нь миний хувьд нэн тэргүүний зорилт байх болно” гэж тэрбээр мэдэгдсэн байна. М.Рютте өмнө нь Нидерландын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Украинд айлчилж, Одесса, Харьков зэрэг хотуудад зочилж байжээ.
Үүний хариуд В.Зеленский, Украины эсрэг харвасан Оросын пуужингууд болон нисгэгчгүй онгоцуудыг сөнөөхийг барууны дэмжигч орнууддаа ятгахыг хүсэж байгаагаа илэрхийлжээ. НАТО-гийн гишүүн орнууд Ираны дайралтаас Израилыг хамгаалсны дараа Украины Ерөнхийлөгч ийнхүү хэлсэн байна.
“Оросын пуужин, нисгэгчгүй онгоцыг устгах шаардлагатай гэдгийг бид түншүүддээ итгүүлэн үнэмшүүлэхийн тулд үргэлжлүүлэн ажиллах болно. Энэ бол хэцүү шийдвэр гэдгийг бид ойлгож байна... тэд хараахан бэлэн болоогүй байна” гэж тэрбээр хэлжээ. Мөн агаарын довтолгооноос хамгаалах болон алсын тусгалт зэвсгүүд хэрэгцээтэй байгааг Украины Ерөнхийлөгч дахин дурдсан байна.
Ирэх долоо хоногт Германы Рамштайн агаарын баазад НАТО-гийн уулзалт болох гэж буй энэ
үед М.Рюттегийн хамтаар Украины “ялалтын төлөвлөгөө”-ний нарийн ширийн зүйлүүдийг хэлэлцсэн гэдгээ В.Зеленский мөн мэдэгджээ.