Хятадын цахилгаан автомашинуудад татвар ногдуулахыг Европын Холбоо дэмжжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГБРЮССЕЛЬ, 2024
оны аравдугаар сарын 5 /CNBC/. Баасан гарагт Европын Холбоо /ЕХ/ Хятадад үйлдвэрлэсэн цэнэг хураагуураар
ажилладаг цахилгаан автомашинуудад /BEVs/ нэмэлт татвар ногдуулах асуудлаар санал хураалт явуулжээ.
“Хятадаас цэнэг хураагууртай цахилгаан тээврийн хэрэгсэл импортлоход нэмэлт татвар ногдуулах тухай Европын Комиссын санал өнөөдөр ЕХ-ны гишүүн орнуудаас шаардлагатай
дэмжлэгийг авлаа” гэж ЕХ-ноос мэдэгдсэн байна.
Хятадаас импортлох цахилгаан автомашинуудын татварыг
нэмэгдүүлнэ гэдгээ ЕХ энэ оны зургаадугаар сард анх мэдэгдсэн бөгөөд "эдгээр автомашиныг борлуулснаар шударга бус татаасаар ихээхэн ашиг хүртэж байгаагаас гадна Европын үйлдвэрлэгчдэд эдийн засгийн хохирол учруулж байна" гэсэн шалтгааныг дурджээ.
Харин ЕХ-н дахь Хятадын Худалдааны танхим баасан гарагт мэдэгдэхдээ, санал хураалтын дүнд ихээхэн сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, ЕХ худалдааны протекционист арга хэмжээ авч байгаад туйлын ихээр урам хугарч байгаагаа илэрхийлсэн байна. Тус танхим мөн татвар ногдуулах шийдвэрийн хэрэгжилтийг хойшлуулж, яриа хэлэлцээний замаар асуудлыг шийдэхийг уриалжээ.
ЕХ-ны гишүүн орнууд татвар ногдуулахыг дэмжсэн хэдий ч өөр шийдлүүдийг мөн хайж байгаагаа тус холбоо баасан гарагт мэдэгдсэн байна.