ЗАВХАН: Хүүхдүүд маань заримдаа цэцэрлэгтээ ирээгүй үед орон зай нь үгүйлэгддэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-10-05 15:05:20

Улиастай, 2024 оны аравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Сурган хүмүүжүүлэгч эрхэм алдрын эзэд болсон багш нарын баяр тохиож байна. Завхан аймгийн сургуулийн өмнөх боловсролын салбарт 748 багш, ажилтан ажилладаг.

Эдгээр багш нарын 210 нь үндсэн багш, бүлгийн багш 181, туслах багш 182, хөгжмийн багш 26 ажиллаж байна. Багш нарын баяр тохиож байгаатай холбогдуулан Завхан аймгийн Улиастай сумын Улсын тэргүүний 1-р цэцэрлэгийн бэлтгэл-2 бүлгийн багш Ц.Бямбадэлгэртэй цөөн хором ярилцлаа.


-Танд багш нарын баярын мэнд хүргэе. Та цэцэрлэгтээ хэдэн жил ажиллаж байна вэ?

-Баярлалаа. Би 10 дахь жилдээ мэргэжлээрээ багшилж байна.

-Яагаад цэцэрлэгийн багш мэргэжлийг сонгосон юм бэ?

-Хүүхдэд маш их хайртай, бас тэдэнтэй хамт байх сонирхолтой хайр татам байдаг учраас анх сургуулиа төгсөөд шууд л цэцэрлэгийн багшийн сургуульд элсэн суралцаж байсан. Мөрөөдөл минь биелж өнөөдөр цэцэрлэгийн багшаар ажиллаад багагүй хугацааг өнгөрүүлжээ.


-Цэцэрлэгийн багш байхын сайхан тал нь юу вэ?

-Мэргэжилдээ хайртай дуртай учраас л тогтвортой, чин сэтгэлээсээ ажилладаг. Хүүхэд бүр өөр өөрийн гэсэн өвөрмөц ертөнц байдаг шүү дээ. Ялангуяа анх цэцэрлэгт хүмүүжиж эхэлж байгаа хүүхдүүд ямар өхөөрдөм гээч. Тэд өдөржингөө л шулганалдаж, энэ тэрийг сониучирхаж, асуулт асууж бас биеэ дааж эхэлдэг. Яг энэ үед нь л тэр гэгээн ертөнцийг зөв хүмүүжилд нь чиглүүлж өгөх ажлыг бид хийж байгаа шүү дээ. Өдөржин хүүхэд бүрийн асуултад хариулж, тэдэнтэй тоглож, суралцаж ажиллах хамгийн сонирхолтой байдаг. Хамгийн сайхан нь гэвэл хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож байгаа энэ үүрэг, хариуцлага маань юм. Тиймээс ч хүүхдүүдийн суурь хүмүүжлийг зөв тавихыг зорьж ажилладаг.


-Цэцэрлэгийн багшийн ажлаасаа шантрах үе бий юу?

-Үгүй дээ шантарч үзээгүй шүү. Хүүхэд гэдэг гэгээн ертөнц, тэд үргэлж л инээд, баяр хөөр, бас хайрыг мэдрүүлж байдаг болохоор ажлын цаг маш хурдан дуусдаг. Эхлээд цэцэрлэгт ирж буй 2 настнууд учраа олохгүй уйлалдана, бас нэгнээ шоглоно, яг энэ үед нь л хоёр дахь ээж нь, багш нь болдог доо. Хүүхдүүд маань өвдөөд зарим үед цэцэрлэгтээ ирэхгүй байх л хэцүү. Тэднийгээ санадаг юм. Тэр хүүхдийн маань орон зай хэдхэн өдөр болсон ч үгүйлэгдээд л байдаг. Тийм л их орон зай хайрыг миний хүүхдүүд өгдөг болохоор ажилдаа дуртай.  


-Та эцэг эхчүүдэд хандаж юу хэлмээр байна вэ?

-Эцэг эхчүүд багштай илүү дотно харилцаатай байгаасай гэж боддог. Ялангуяа залуу багш нартай хамтарч дэмжиж хүүхдүүдийнхээ төлөө хамтын ажиллагаагаа сайжруулаасай гэж хүсдэг юм. Мөн хүүхэд бүр өөр ааш зантай байдаг. Ялангуяа ахлах бүлгийн хүүхдүүдийг сургуульд орохын өмнө хэрхэн яаж төлөвшүүлэхэд багш, эцэг эхчүүдийн хамтын ажиллагаа маш чухал шүү дээ. Тэр хүүхэд маань ийм ааш зантай, энэ хүүхдийг цаашид сургахад ийм арга барилаар ажиллах хэрэгтэй гээд цэцэрлэгийн багш нар хамгийн түрүүнд хүүхдүүдээ тодорхойлдог. Тиймээс л бид хичээдэг, эцэг эхчүүд ч мөн хичээх нь чухал.


-Багш нарын баярыг цэцэрлэгийн багш нар хэрхэн тэмдэглэдэг вэ?

-Бид багш нарын баярыг хоёрдугаар сард тэмдэглэдэг байсан бол одоо аравдугаар сард Дэлхийн багш нарын баярыг тохиолдуулан тэмдэглэдэг болсон. Цэцэрлэгийн багш нарын хувьд хүүхдүүдийнхээ дунд янз бүрийн зургийн уралдаан зэрэг тэмцээн зарладаг. Ер нь тэгээд бид чинь хүүхдүүдтэйгээ л баярладаг даа. 


-Та багш нарын баярыг тохиолдуулаад нийт багш нартаа болон цэцэрлэгийнхээ багш нарт мэндчилгээ дэвшүүлж болно?

-Монголын багш нарын баярын өдрийг тохиолдуулан нийт боловсролын салбарт ажиллаж байгаа багш, сурган хүмүүжүүлэгч нартаа баярын мэнд хүргэе. Багш хүн эрүүл байх нь чухал шүү гэж хэлмээр байна. 

-Танд баярлалаа. 


Багш Ц.Бямбадэлгэр намрын улиралтай холбоотой хүнсний ногоо таниулах хичээл орж байна

Related news