Амазон мөрний цутгалын усны түвшин түүхэн доод хэмжээнд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2024-10-06 12:03:30

БРАЗИЛИА, 2024 оны аравдугаар сарын 6 /Reuters/. Бразил даяар ган гачиг нүүрлэж байгаагийн улмаас Амазон мөрний гол цутгалуудын усны түвшин түүхэн доод хэмжээнд хүрч багасжээ. Тус улсын төвийн зарим нутгаар 150 гаруй хоногийн турш бороо ороогүй байна.


Тодруулбал, Бразилын баруун хойд нутгийн Амазонас мужийн Манаус хотод баасан гарагт Негро голын түвшин 12.66 метрт хүрсэн байна. Энэ нь усны түвшнийг 1902 оноос хэмжиж эхэлснээс хойших хамгийн бага үзүүлэлт болжээ.


Ройтерс агентлагийн хийсэн дүрс бичлэгээс үзэхэд, Манаусын ойролцоох өөр нэг цутгал ширгэж, голын гольдролууд ил гарч ирсэн байх бөгөөд хүмүүс хуурай газар дээгүүр алхаж байгаа нь харагдана.


Энэхүү бүс нутагт усан тээврийг түлхүү ашигладаг боловч усны түвшин буурч байгаа нь тээврийн үйл ажиллагааг саатуулж байна. Улмаар ийм нөхцөл байдал нь алслагдсан тосгодын иргэдийн аж амьдрал хийгээд аялал жуулчлалын салбарт ч нөлөөлөх болжээ.


Бразилын эрх баригчид цаашид усны түвшин улам бүр буурч магадгүй гэж үзэж байна. Тус улсад мөн олон ойн түймэр дэгдсэн тул кофе болон бусад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд ч мөн тодорхой нөлөө үзүүлэх төлөвтэй байна. 

Related news