Инфляцын өсөлтийн хурд 9 дүгээр сард 2023 оныхоос 3.4 нэгж хувиар буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
erdenebat@montsame.mn
2024-10-10 09:51:03

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/ Мах, махан бүтээгдэхүүний үнэ 2024 оны 9 дүгээр сард нийслэлд 2023 оны мөн үеэс 12.1 хувиар өсжээ.

Үүнд:

  • үхрийн махны үнэ 11.6 хувь,
  • адууны махны үнэ 10.2 хувь,
  • хонь, ямааны махны үнэ 13.7 хувиар нөлөөлсөн байна.

Мөн талх, гурил, будааны бүлгийн үнэ 5.4 хувиар өсөхөд:

  • гурилын үнэ 5.7 хувиар,
  • талх, нарийн боовны үнэ 6.0 хувиар,
  • гоймонгийн үнэ 14.4 хувиар өссөн нь нөлөөлжээ.

Улаанбаатар хотын инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс 2023 оны 9 дүгээр сард 10.2 хувь байсан. Харин 2024 оны 9 дүгээр сард 6.5 хувь болж, өсөлтийн хурд 3.7 нэгж хувиар буурсан байна. Хэрэглээний сагсны 404 нэр төрлийн бараа, үйлчилгээний 221 нь импортын бараа байгаа аж.


Улаанбаатар хотод худалдаалагдаж буй үхрийн цул 1 кг махны дундаж үнэ 2024 оны 9 дүгээр сард 20602 төгрөг болж, 2022 оны 9 дүгээр сараас 29.9 хувиар, 2023 оны 9 дүгээр сараас 9.6 хувь өссөн байна.


Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны 9 дүгээр сард улсын хэмжээнд өссөн байна. Тухайлбал:

  • 2023 оны мөн үеийнхээс 6.7 хувь,
  • 2023 оны эцсээс 5.3 хувь,

Харин 2024 оны 9 дүгээр сард:

  • Хангайн бүсэд барааны бүлгийн үнэ 7.5 хувь,
  • Баруун бүсэд үйлчилгээний бүлгийн үнэ 13.1 хувь,
  • Төвийн бүсэд хүнсний бүлгийн үнэ 9.1 хувь,

Баруун бүсэд хүнсний бус бүлгийн үнэ 7.5 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр байна.


Инфляцын  түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 2023оны 9 дүгээр сард 10.1 хувь байсан. Харин 2024 оны 9 дүгээр сард 6.7 хувь болж, өсөлтийн хурдац жилийн хугацаанд 3.4 нэгж хувиар буурсан байна.


Улсын инфляцад:

  • бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.3 нэгж хувиар (34.1 хувь),
  • мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 3. 3 нэгж хувиар (49.1 хувь) нөлөөлжээ. 

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны 9 дүгээр сард 2023 оны мөн үеийнхээс 6.7 хувиар өсөхөд:

  • хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 7.7 хувь (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 8.0 хувь ),
  • хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 8.2 хувь,
  • гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 7.6 хувь,
  • зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 8. 9 хувь,
  • боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 18.6 хувиар нөлөөлсөн байна.

Инфляц 2024 оны 9 дүгээр сард 6.7 хувь гарсны 2.2 (32.2 хувь) нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.

1-р зэргийн гурилын дундаж үнэ 2024 оны 9 дүгээр сард 2363 төгрөг болж, 2022 оны 9 дүгээр сарынхаас 50.1 хувиар өсөж, 2023 оны 9 дүгээр сараас 1.8 хувь, буурсан байна.

Нэг литр АИ-92 бензиний дундаж үнэ 2024 оны 9 дүгээр сард 2390 төгрөг болж, 2022 оны 9 дүгээр сараас хойш өөрчлөлтгүй байна.

Увс аймагт хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 9 дүгээр сард 2.9 хувиар өссөн нь хамгийн бага, Ховд аймагт 14.9 хувиар өссөн нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ.


Хэрэглээний сагс: Үнийн индекс тооцох зорилгоор бүрдүүлсэн дундаж өрхийн хэрэглээг төлөөлөх чадвартай, хүн амын өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний нэр төрлийн жагсаалтыг ойлгоно гэж Үндэсний статистикийн хорооноос тодотгол хийсэн байна.

Related news