СЭЛЭНГЭ: Молор эрдэнэ морин хуур

ӨВ СОЁЛ
otgontsetseg@montsame.mn
2024-10-17 15:52:18

Сүхбаатар, 2024 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. 2002 онд Монгол Улсын Ерөнхийлөгч морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх зарлиг гаргаж, монгол айл гэр, албан байгууллага бүхэн хоймортоо морин хуураа залж, дээдлэн хүндэтгэх болжээ.  

 

ЮНЕСКО-гоос 2003 онд Монголын морин хуур хөгжмийг дэлхийн утга соёл, аман өвийн шилдэг дээжист бүртгэн тунхаглаж, батламж олгосон байна.

 

Морин хуур хөгжим нь 2008 онд ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д бүртгэгджээ.

 

Монголчууд баяр наадам, хурим найр, ёслол хүндэтгэл, мал аж ахуйн холбогдолтой олон зан үйлд морин хуур хөгжмөөр ая эгшиг өргөж ирсэн уламжлалтай юм.

 

Энэхүү хөгжмийн чавхдас ба нумын аль алиныг нь морины сүүлний хялгасаар хийдгээрээ онцлогтой.

 

Морин хуур нь цар багтаамж ихтэй, дуу авиа илэрхийлэх чадвар сайтай, хийц ба хөг, эгшгийн төгс төгөлдөр зохицлыг олсон хөгжмийн зэмсэг юм.

 

Монголын ард түмэн морин хуурын үүслийн талаар домог үлгэр хэлэлцсээр иржээ. Тухайлбал “Хөхөө Намжилын домог”, “Аргасун хуурчийн домог”, “Жонон харын домог” зэрэг юм.  

 

Эдгээр домгийн гол санаа нь хүн, морь хоёрын харилцаа, үгээр хэлшгүй тэр сэтгэлгээнээс морин хуур үүссэн гэдэг.

 

Монголын эзэнт гүрнийг байгуулсан эзэн Чингис хааны үед төрийн ёслол, хүндэтгэл найр цэнгээнийг морин хуур хөгжмөөр нээн эхлүүлдэг байсан нь энэхүү хөгжим ямар өндөр зэрэгт тавигддаг байсны илэрхийлэл юм.

 

Тодруулбал, төрийн хүндэтгэл, ёслолыг нээж төрийн дуу гэгдэх Монгол Ардын Айзам уртын дуу болох “Эртний сайхан”-ыг дагаж хуурддаг байжээ.

 

Ийнхүү монголын ард түмний дунд хөгжиж ирсэн морин хуур хөгжим орчин үеийн тайзны урлаг болон дэвшихэд Монголын нэрт хөгжимчин Г.Жамъян ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байна.

 

Тэрээр морин хуурын сургалтыг өнөөгийн мэргэжлийн түвшинд хүргэхэд онцлох үүрэг гүйцэтгэж, анх удаа морин хуурыг өрнийн тонн ноотонд шилжүүлсэн хүн юм.

 

Монголын морин хуурчид XX зууны 30-аад оноос дэлхийн олон газар орноор аялан тоглож, 1940-өөд оноос уламжлалт монгол аялгуу болон дэлхийн сонгодог аялгуунуудыг тоглож бие даасан чадвараа гайхуулах болжээ.

 

Related news