ДУНДГОВЬ: Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 6 байгууллагын ажилтнуудыг мэргэшүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-10-25 11:17:46
altantogos

Мандалговь, 2024 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Тогоочдын холбооны санаачилгаар хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын ажилтнуудыг мэргэшүүлэх 6 долоо хоногийн сургалтыг зохион байгуулж байна.


Орон нутгийн ресторан, зоогийн газрын хэрэгцээнд тулгуурлан зохион байгуулж буй уг сургалтад 6 байгууллага хамрагдаж, байгууллагын удирдлага, тогооч, зөөгч, бармен нийт 50 гаруй хүн оролцож байна.


Сургалтын талаар ХХҮГ-ын хэлтсийн дарга Э.Цэвэлмаагаас тодруулахад, “Энэ сургалтыг аймгийн Тогоочдын холбоо Хүнс хөдөө аж ахуйн газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Стандарт хэмжил зүйн газартай хамтран зохион байгуулж байна.


Сургалтаар хүнсний эрүүл ахуй, эрүүл, аюулгүй ажиллах дадал, зочлох үйлчилгээний салбар дахь эрүүл ахуй стандарт, хүнсний бүтээгдэхүүнтэй харьцах, аюулгүй үйл ажиллагаанд оролцох, хэрэглэгчидтэй харьцах, хоол бэлтгэх төхөөрөмж ашиглах зэрэг 15 чадамжийг олгохыг зорьж байгаа.


Энэхүү сургалтын хөтөлбөр эрэлтэд нийцсэн гэж хэлж болно. Мэргэжлийн ур чадвар олгох 2 шатны чадамжийг тухайн байгууллагын удирдлага ажилтнуудтайгаа хамт суун суралцаж байгаа нь энэ сургалтын нэг онцлог юм.


Удирдах ажилтан өөрөө бүх талын мэдлэгтэй байвал үйлчилгээний байгууллага хэрэглэгчдийнхээ хэрэгцээг мэдэрч, тэдний хүссэн үйлчилгээг үзүүлж чадна. Хэрэглэгчдээ татаж чадвал тухайн байгууллагын ашиг орлого нэмэгдэх боломжтой. Тиймээс л сургалтын маань ач холбогдол их.


Сургалтыг мастер тогооч Оюунцэцэг, туслахаар нь Монгол Улсын анхны мастер тогооч Магсар агсны гуч ажиллаж байгаад бид их баяртай байна” гэлээ. 







Related news