ДУНДГОВЬ: Ардын зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Байдын “Өгүүлэмж”
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2024 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Ардын зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Урчуудын эвлэлийн шагналт зураач Цэвэгийн Байдын “Өгүүлэмж” нүүдлийн үзэсгэлэнг 11 дүгээр сарын 1-7-нд Дундговь аймгийн музейд дэлгэнэ.
Тус үзэсгэлэнг Монголын
уран зургийн галерей, Дундговь аймгийн Музей хамтран зохион байгуулж байгаа юм.
Цэвэгийн Байды Дундговь
аймгийн Хулд сумын нутаг “Бага цагаан овоо” хэмээх газарт төрсөн. ЗХУ-ын Москва
хотын Строгановын уран зургийн академид суралцан “художественный график” буюу
уран сайхны зураасан зураг мэргэжлээр төгсжээ.
Тэрбээр Монголын соёл
урлагийн салбарт тасралтгүй 60 гаруй жил хөдөлмөрлөхдөө уран зураг, зураасан
зургийн салбарт мэргэшин, “Улаан од”, “Үнэн” сонин болон “Тоншуул” сэтгүүлд
зураач, уран сайхны редактороор ажиллаж, нийгмийн тулгамдсан асуудлуудыг шог
зургаар чадварлаг үзүүлж, Монголд анх удаа шог зургийн бие даасан үзэсгэлэнг
гаргасан юм.
Монгол орны үзэсгэлэнт байгаль болон шог зургийн “Тэнгэр заяат нутаг минь”, “Их Монголын талд”, “Наран дуулал”, “Үлгэр домгийн орноор”, “Аян замын тэмдэглэл” зэрэг хэд хэдэн үзэсгэлэнг дэглэж, БНХАУ, ЗХУ, Япон, Солонгос, АНУ, Итали, Франц, Англи, Алжир зэрэг улсад зохион байгуулсан Олон улсын зураачдын үзэсгэлэнд оролцож, эх орноо сурталчлан таниулсан хүн юм.
Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа 11 дүгээр сарын 1-нд Дундговь аймгийн музейд болно.