ДУНДГОВЬ: Эрдмийн далай сургуульд "Цахим номын сан" байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-11-01 14:36:37
altantogos

Мандалговь, 2024 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Австралийн элчин сайдын яам, Үндэсний номын сан, Монголын номын сангийн холбоо хамтран “Хил хязгааргүй номын сан” төслийн хүрээнд Сайнцагаан сумын Эрдмийн далай сургуулийн номын санг засварлан тохижуулж, “Цахим номын сан” байгуулжээ.


Орон нутгийн номын сангийн хөгжлийг дэмжих зорилго бүхий тус төслийн хүрээнд сургуулийн номын сангийн орчныг сайжруулах энэхүү бичил төслийг 3 аймаг, Улаанбаатар хотын 2 дүүрэгт хэрэгжүүлж байгаа юм.



Австралийн Элчин сайдын яамны дэд тэргүүн Эндрю Бэрримэн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Би өнөөдөр энэ танхимд орж ирээд сэтгэл маш их хөдөллөө, номын сангийн өнгө, тохижилт их гоё болсон байна. Бид Монголын номын сангуудын холбоо, Эрдмийн далай сургуультай хамтран хүүхдүүдэд зориулан ийм сайхан орчин бүрдүүлсэндээ баяртай байна.


Австрали, Монгол 2 улс дипломат харилцаа тогтоогоод 52 жил болж байна. Олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. “Хил хязгааргүй номын сан” төслийн хүрээнд сургуулийн номын санг тохижуулах энэ бичил төслийг 3 аймаг, Улаанбаатар хотын 2 дүүрэгт хэрэгжүүлж байна.


Энэ нь номын сангийн чадавхыг бэхжүүлэх, сургуулийн орчинд танин мэдэхүйн сайхан орчин бүрдүүлэх зорилготой. Хүүхдүүдийн унших дуртай орчин үеийн номоор баяжуулж байгаадаа баяртай байгаа. Хүүхдүүд та нар үндэсний болон дэлхийн сонгодог уран зохиол, шинжлэх ухаан, танин мэдэхүй, боловсрол мэдээллийн шилдэг бүтээлүүдтэй танилцаж, уншаарай.  


Номын сан бол хүүхдийн оюуныг хөгжүүлэхэд чухал нөлөөтэй. Сургуулийн номын сан хүүхдэд хамгийн ойр байдаг тул энд тогтмол ирж, ном уншиж байгаарай” гэлээ.


Нээлтийн үйл ажиллагаанд Эрдмийн далай сургуулийн авъяаслаг сурагчид оролцон ая дуугаа өргөсөн төдийгүй тус номын сангийн ажилтан Б.Хандмааг Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнажээ.


“Цахим номын сан”-ийн нээлтийн ажиллагаанд Австралийн Элчин сайдын яамны дэд тэргүүн Эндрю Бэрримэн, Монголын номын сангуудын холбооны гүйцэтгэх захирал М.Даваасүрэн, аймгийн БШУГ, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын газар, С.Буяннэмэхийн нэрэмжит төв номын сангийн удирдлага, Эрдмийн далай сургуулийн захирал, багш, сурагчдын төлөөлөл, албаны бусад хүмүүс оролцсон юм. 
























Related news