ДУНДГОВЬ: Аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-11-05 15:08:22
altantogos

Мандалговь, 2024 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. “Бүсчилсэн хөгжил” зүүн бүсийн аймгуудын нисэх буудлын ажилтнуудын форум Мандалговь хотод өнөөдөр эхэллээ.  


Тус форумд Дундговь аймаг дахь "Мандалговь" нисэх буудал, Өмнөговь аймаг дахь "Гурвансайхан" нисэх буудал, Дорнод аймаг дахь "Чойбалсан" нисэх буудал, Сүхбаатар аймаг дахь "Баруун-Урт" нисэх буудал, Хэнтий аймаг дахь "Өндөрхаан" нисэх буудлын ажилтнууд, Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга Э.Төрбаяр, Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун болон албаны бусад хүмүүс төлөөлөгч оролцож байна.  


Орон нутгийн нисэх буудлын ажилтнуудын багийн хамтын ажиллагаа, харилцаа холбоог сайжруулах, эрүүл мэндийг дэмжих зорилгоор уг форумыг зохион байгуулж байгаа юм.


Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга Э.Төрбаяр форумын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Бид бүхний энд цуглан чуулсан гол зорилго бол орон нутгийн нисэх буудлууд, тэр дундаа зүүн бүсийн нисэх буудлын хамт олон иргэний нисэхийн үндэсний төвийн бодлого чиглэлтэй танилцаж, хоорондоо мэдлэг, туршлагаа солилцох, улмаар ирээдүйн чиг хандлагаа тодорхойлох явдал юм.


Миний хувьд нисэхийн салбарт 19 дэх жилдээ ажиллаж байгаа, 2024 оноос Иргэний нисэхийн үндэсний төвийн даргаар томилогдоод ажиллаж байна.


Бид бүхэн 2023 онд Иргэний нисэхийн тухай хууль батлуулсан. Хууль батлагдсанаар ирэх оны 1 дүгээр сарын 1-нээс Иргэний нисэхийн үндэсний төв ИНЕГ-аас өрх тусгаарлаж, бие даан үйл ажиллагаагаа авч явах зохицуулалттай болсон.

Үүнтэй холбогдсон заавар журам, бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн бодлого гэх мэтчилэн бэлтгэл ажлаа ерөнхийд нь хангаад байна.


Тэгэхээр нисэх буудал гэдэг маань шинэ үеийн буюу бид бүхний амьдарч байгаа энэ цаг үед хөгжлийн гол тулгуур болно. Орон нутгийн нисэх буудлаар дамжуулж дэлхий нийтээр хот үүсэн хөгжих, улмаар улс, орны хөгжлийн тулгуур, үйлчилгээний салбар болно гэж харж байна.


2025 оноос бид нэгэн зууныг үдэж, шинэ 100 жилийн гараан дээр ирсэн энэ цаг үед нисэх буудлуудаа хөгжүүлж, шинэ гараанаас гарахаар бэлтгэл ажлаа хангалаа. Тэгэхээр бүсчилсэн хөгжлөөр, улсынхаа бодлоготой, шинэ сэргэлтийн бодлоготойгоо уялдуулан Засгийн газраас 4 нисэх буудлыг Олон улсын нисэх буудал болгох ажлыг эхлээд явж байгаа.


Энэ нисэх буудлууд бага оврын буюу бусад ерөнхий зориулалтын нисэх буудалтай уялдан яаж хөгжих вэ? Тухайн орон нутгийнхаа онцлогт тохируулан бид бага оврын агаарын тээврийг хэрхэн хөгжүүлэхээ төлөвлөж байна” гэлээ.


Форумын нээлтийн ажиллагаанд Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун оролцон мэндчилгээ дэвшүүлж, аймгийн бодлого, төлөвлөлтийн талаар танилцуулж, аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд орон нутгийн нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх, нисэх буудлаа дэмжих хэрэгцээ байгаа гэдгийг онцолсон.


Хоёр өдрийн турш зохион байгуулах форумын үеэр орон нутгийн нисэх буудлын тулгамдсан асуудал, цаашид хэрхэн хөгжих асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ба энэ үеэр сургалт зохион байгуулж, ажилтнуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулан спортын нөхөрсөг тэмцээн зохион байгуулах юм. 





Related news