Дархадын 3 сум цахилгаангүй 14 хонож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-10-18 23:21:30

Энэ сарын 6-аас эхлэн Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 35 квт-ын трансформатор шатсаны улмаас Рэнчинлхүмбэ , Улаан-Уул, Цагааннуур гэсэн дархадын сумууд тог цахилгаангүй болж 14 хонож байна.

Энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар аймгийн Онцгой комиссын ээлжит 10-р хуралдаанаар авч хэлэлцэв. Өндөр хүчдэлийн шугаманд шувуу орж үхсэний улмаас гал хамгаалагч бууж трансформатор шатсан гэнэ. Тухайн трансформаторын шинэ нь 80 орчим сая төгрөг бөгөөд 20 орчим сая төгрөгийн засвар үйлчилгээг хийх шаардлагатай байсан ч амжаагүй байжээ. Тус трансформаторыг Улаанбаатар хотын “Эрч чадал” компанид засуулж байгаа бөгөөд засвар үйлчилгээг хурдан дуусгаж Дархадын сумдын иргэдийг яаралтай гэрэл цахилгаантай болгох үүргийг аймгийн Засаг дарга Л.Ганболд өглөө.

Б.Гантуяа 

Related news