Улсын арслан М.Мөнгөний нэрэмжит барилдаан болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-11-22 16:33:59

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол Улсад Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан Ойн инженер, Шинжлэх ухааны академийн Ботаникийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, Монгол Улсын арслан М.Мөнгөний нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан энэ сарын 24-нд болно.


Тус барилдааны түрүү бөх найм, үзүүр бөх таван сая төгрөг гардах бол их шөвөгт шалгарсан бөхчүүд 1.5 сая төгрөг авна.

1924 онд Ерөө, Хараа, Улаанбаатарт ойн аж ахуй байгуулагдсанаар уг салбарын үүсэл эхэлсэн гэж үздэг. Тэгвэл энэ салбараас төрөн гарсан үндэсний бөхийн алдартнуудын нэг нь Увс аймгийн Давст сумын харьяат улсын арслан М.Мөнгөн юм. 


Тэрбээр 1969 онд ХААДС-ийг ойн инженер мэргэжлээр төгсөж, ШУА-ийн Ботаникийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнаар ажилд орсон гэдэг. Түүний хувьд үндэсний их баяр наадамд хоёр үзүүрлэж, 14 удаа шөвгөрсөн бөгөөд түрүүлж үзэлгүй арслан цолтой болсон цөөн бөхчүүдийн нэг юм. Тэр 1973 онд 22 насандаа начны босго давсан бол 1978 онд заан, 1981 онд долоон даван их шөвөгт үлдэж, улсын арслан хүртжээ. 


М.Мөнгөн арслан бөхийн самбо, жүдогоор хичээллэж,  Германд болсон залуучуудын ДАШТ болон оюутны Х Универсиад наадам, Польшид зохион байгуулсан жүдо бөхийн тэмцээнд оролцсоноос гадна самбоор олон улсын тэмцээнээс мөнгө, хүрэл медаль авсан байна.


М.Мөнгөн арслан барилдахаас гадна бичих сонирхолдоо хөтлөгдөн хэд хэдэн ном бичжээ. Тэрбээр Монголын уран сайхны “Хэлтгий заяа” кино зохиолыг өөрөө бичиж, гол дүрд нь тоглосон юм.



Related news