ДУНДГОВЬ: Эмэгтэйчүүдийн нөлөөллийн 7 хоногтой байх асуудлыг дэвшүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-11-27 07:57:55
altantogos

Мандалговь, 2024 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын 100 жилийн ой энэ жил тохиож буй. Түүхт ойг угтан Дундговь аймгийн эмэгтэйчүүдийн холбооноос С.Буяннэмэхийн нэрэмжит аймгийн төв номын сантай хамтран “Эмэгтэйчүүдийн байгууллага 100 жил” илтгэлийн уралдаан зарлаж, эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.


Тус уралдаанд ахмад багш Н.Мөнхцэцэг, Эрдмийн далай сургуулийн сургалтын менежер Р.Эрдэнэсүрэн, УЦУОШТ-ийн дарга Э.Азжаргал, Хүмүүнлэг сургуулийн багш Б.Ганцэцэг нар оролцож, Эрдэм шинжилгээний хурлын үеэр аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүлэгч асан Ц.Эрдэнэсүрэн уригдан “Ээгтэйчүүдийн байгууллагын гадаад харилцааг хөгжүүлэх боломж” сэдвээр илтгэл тавьжээ.


Илтгэгчид сэдвийн хүрээнд эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, Монгол Улсын түүхэнд эмэгтэйчүүдийн гүйцэтгэсэн үүрэг болон өнөөгийн эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар асуудал дэвшүүлж, санал, бодлоо илэрхийлсэн юм.


Тодруулбал, ахмад багш Н.Мөнхцэцэг “Зуун зуунд мөнхөрсөн бүсгүйчүүд ба бидний байгууллага”, Хүмүүнлэг сургуулийн багш Б.Ганцэцэг “Дундговийн эмэгтэйчүүд монголын сэтгүүл зүйд”, ЭДЦС-ийн сургалтын менежер Р.Эрдэнэсүрэн “Эмэгтэйчүүдийн амьдралын чанар ба хэрэгцээ”, УЦУОШТ-ийн дарга Э.Азжаргал “Дондогдулам хатан” сэдвээр тус тус илтгэж, Монгол Улсын түүхэнд үйл хэргээрээ мөнхөрсөн хатад, эмэгтэйчүүдийн түүх, намтар, түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, МЭХ-ны түүхэн замнал, хөгжил, эмэгтэйчүүдийн соёлжилт, боловсролд оруулсан хувь нэмэр болон өнгөрсөн зуунд аймгийн эмэгтэйчүүдийн ажил, хөдөлмөр, туршлагыг хэрхэн сурталчилж, түгээдэг байсан талаар сонирхолтой баримтуудыг дэлгэн танилцуулсан байна.


Түүнчлэн аймгийн эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, боловсрол, эрүүл мэндийн хүртээмжийн асуудлаар судалгаа хийж, цаашид эмэгтэйчүүдийн байгууллага эдгээр асуудалд хэрхэн анхаарлаа хандуулж ажиллах талаар санал бодлоо илэрхийлсэн юм.


Тухайлбал, аймгийн эмэгтэйчүүдийн байгууллага тогтмол хэвлэлтэй болох, сургалт уулзалт ярилцлагын өдөртэй болох, гадаад харилцаагаа өргөжүүлэх, залуу малчин эмэгтэйчүүдийн хүүхдийг сургуульд ороход тулгамддаг асуудлыг шийдвэрлүүлэх, эмэгтэйчүүдийн нөлөөллийн 7 хоногтой байх гэх мэт асуудлыг дэвшүүлсэн байна.


Тус илтгэлийн уралдаанд ахмад багш Н.Мөнхцэцэг “Зуун зуунд мөнхөрсөн бүсгүйчүүд ба бидний байгууллага” илтгэлээр тэргүүн байр эзэлж, багш Б.Ганцэцэг, Р.Эрдэнэсүрэн нарын илтгэл удаах байрт шалгарчээ. 







Related news