ТӨВ: Ганзайг зээгт наамлын аргаар хүрээний урчууд урлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-11-30 20:15:53

Зуунмод, 2024 оны арваннэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Төв аймгийн музейн үзмэр Ганзай зээгт наамал буюу торгон зураг нь Монголд байгаа ховор содон урлагийн төрөл билээ. Энэхүү дурсгалыг 1958 онд Төв аймгийн музейд авсан бөгөөд XVII-XVIII зууны үед хамаарах үзмэр юм.


Тус дурсгалд догшид сахиусын лагшингаас бусад бүх дүрслэх ёстой дүрслэлүүдийг багтаан харуулжээ. Түүнчлэн шашны зан үйлийн бэлгэдэл, тахил зэргийг багтаан харуулдаг байна.


Ганзайг өнгө өнгийн торго дурдангаар наан, торгон утсаар зүү ороож, зээгт наамлын аргаар хүрээний урчууд урлажээ.


Олон жилийн хугацаанд хадгалагдаж буй соёлын хосгүй үнэт өв болох энэ зээгт наамлын урт нь 130 см, өргөн нь 257 см юм.


Бишрэл хүндэтгэлийн агуулгыг илүүтэй илэрхийлдэг, чимэглэлийн урлагийн энэхүү бүтээлийг торгоор өнгө хоршуулан зохиомжилж, торгон утсаар зээглэн тодруулж, эрдэнийн чулуугаар чимэн бүтээдэг тул уран зургаас эрс ялгаатай илүү эрхэмсэг үнэ цэнтэй чамин тансаг байдаг. Нөгөө талаас уран бүтээлчээс нөр их хөдөлмөр, тэсвэр тэвчээр шаардах бөгөөд материалын сонголт, нарийн нямбай ажиллагаа, цаг хугацаа их шаарддаг онцлогтой аж.

Эх сурвалж: Төв аймгийн музей

 

Related news