Модон барилдааны ДАШТ-ээс монголчууд 13 медаль хүртжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Киргизстаны нийслэл Бишкек хотод өсвөр үе, насанд хүрэгчид, үнэмлэхүй жингийн модон барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.
Зургаа дахь удаагаа болсон тус тэмцээнд 39 орны 265 тамирчин 23 жингийн ангилалд өрсөлдсөн байна. Энэхүү тэмцээнээс манай тамирчид нэг алт, гурван мөнгө, есөн хүрэл медаль хүртэж, өчигдөр эх орондоо ирлээ. Тодруулбал, өсвөрийн ангилалд хөвгүүдийн 80 кг-ын жинд У.Нарантогтох алтан медалиар энгэрээ мялааж, Монголын төрийн дууллыг Бишкект эгшиглүүлжээ. Улмаар өсвөрийнхөн нэг алт, хоёр мөнгө, хоёр хүрэл хүртсэнээр багийн дүнгээр гуравдугаар байр эзлэн хүрэл цомын эзэн болов. Тэгвэл насанд хүрэгчид нэг мөнгө, долоон хүрэл медаль авсан байна. Уг тэмцээнд олон улсын шүүгч С.Тэлмэн бичээч шүүгчээр ажилласан бол олон улсын шүүгч Б.Даариймаа талбайн шүүгчээр ажиллаж А зэрэглэлийн үнэмлэх гарджээ.
Энэ үеэр олон улсын мас-рестлинг буюу модон барилдааны холбооноос 2025 оны ДАШТ-ийг Монголд зохион байгуулах эрх олгосон байна.