“UnitedHealthcare” компанийн захирлыг буудан хөнөөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2024-12-05 11:18:02

НЬЮ-ЙОРК, 2024 оны арванхоёрдугаар сарын 5 /AP/. АНУ-ын “UnitedHealthcare даатгалын компанийн /UHC/ гүйцэтгэх захирал Брайан Томпсон орон нутгийн цагаар лхагва гаргийн өглөө Нью-Йорк хотын нэгэн зочид буудлын гадна буудуулж амиа алдсан гэж цагдаа нар мэдэгдлээ. Тэрбээр хөрөнгө оруулагчдын уулзалтад оролцож үг хэлэх гэж байжээ. 


Өглөөний 07:00 цагийн үед Манхэттен дүүргийн төвд байрлах Hilton зочид буудлын гадаа зогсож байсан гүйцэтгэх захирал руу зэвсэглэсэн этгээд гал нээсэн гэж New York Times” сонинд мэдээлсэн байна. Хар өнгийн амны хаалт зүүсэн гэмт этгээд халдлага үйлдсэнийхээ дараа хэргийн газраас зугтжээ. CNBC телевизийн мэдээлснээр, зэвсэглэсэн этгээд дуу намсгагч ашигласан байна. Цагдаа нар хэргийн газрыг газрыг бүслэн хааж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.


50 настай Б.Томпсон 2004 онд тус компанид анх ажилд орсон бөгөөд сүүлийн гурван жил гаруйн хугацаанд гүйцэтгэх захирлын албыг хашжээ. UHC компани Нью-Йорк хотод жил тутмын хөрөнгө оруулагчдын уулзалтаа хийхээр төлөвлөж байсан юм. Гэсэн хэдий ч лхагва гаргийн өглөө хуралд оролцогчдод "хурал товлосон хугацаанаас эрт дуусаж байгаа" талаар мэдэгдсэн байна.  



Энэ оны гуравдугаар улиралд 100.8 тэрбум ам.долларын орлоготой ажилласан UHC компани АНУ-д 30 сая орчим үйлчлүүлэгчтэй гэж хөрөнгө оруулагчдад зориулсан танилцуулгад дурджээ. Тус компани 2023 онд нийт 10.2 тэрбум ам.долларын нөхөн төлбөр олгосон байна. UHC нь UnitedHealth Group-ийн харьяа даатгалын компани юм. Б.Томпсон лхагва гарагт Нью-Йоркт болсон UHC-ийн хөрөнгө оруулагчдын уулзалтад оролцож илтгэл тавихаар төлөвлөж байсан тухай CNBC мэдээлжээ.


Нью-Йорк хотын дарга Эрик Адамс мэдэгдэхдээ, энэ хэргийг урьдчилан төлөвлөж үйлдсэн байх магадлалтай гэлээ. “Энэ бол санамсаргүй үйлдсэн хэрэг бус харин хувь хүнийг ​​онилсон хэрэг бололтой байна, бид гэмт этгээдийг илрүүлэн баривчлах болно гэж тэрбээр хэлжээ.


Миннесота муж улсын захирагч, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Тим Уолз болсон хэрэг явдалд эмгэнэл илэрхийлсэн байна. “Энэ бол Миннесотагийн бизнес, эрүүл мэндийн салбарынхны хувьд аймшигт мэдээ, том гарз хохирол боллоо” гэж тэрбээр X хуудсандаа бичжээ.

 




Related news