Д.Трамп худалдааны зөвлөхөөрөө П.Наваррог томилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 5 /CNBC/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Худалдаа, үйлдвэрлэлийн асуудал эрхэлсэн ахлах зөвлөхөөр Питер Наваррог томилсноо лхагва гарагт мэдэгдлээ.
Өдгөө 75 настай П.Наварро үйлдвэрлэл, гаалийн татвар, худалдааны хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд туслах үүргийг хүлээх болно гэж Д.Трамп “Truth Social” нийгмийн сүлжээний хуудсандаа бичжээ. Д.Трамп өмнө нь ерөнхийлөгчийн алба хашиж байх үед П.Наварро мөн худалдааны зөвлөхөөр ажиллаж байсан юм. П.Наваррог шоронгоос суллагдсанаас хойш тав хүрэхгүй сарын дараа Д.Трамп дээрх мэдэгдлийг хийлээ.
П.Наварро 2021 оны нэгдүгээр сарын 6-нд
болсон Капитолын халдлагыг мөрдөн
шалгах асуудал эрхэлсэн Төлөөлөгчдийн танхимын хорооноос гаргасан Конгрессын зарлан дуудах бичгийг хүлээж авалгүй эсэргүүцсэн хэргээр Майами дахь шоронд
дөрвөн сар орчим ял эдэлжээ.
Түүнийг Конгрессыг үл хүндэтгэсэн гэх хоёр зүйл ангиар буруутгасан байна.
Тэрбээр долоодугаар сарын 17-нд суллагдсанаасаа хойш хэдхэн цагийн дараа Бүгд найрамдах намын их хурал дээр үг хэлж байлаа. Д.Трамп лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ П.Наваррод "аймшигтай хэрцгий хандсан" гэжээ. Мөн П.Наварро бол “Buy American, Hire American” гэсэн миний хоёр гол зарчмыг тууштай дэмжигч гэсэн байна.
П.Наварро бол Д.Трампын протекционист бодлогыг тууштай хамгаалж, глобалистуудын дэмждэг худалдааны хэлэлцээрт болгоомжтой хандаж, татвар ногдуулахыг зөвтгөсөөр ирсэн хүн юм. Д.Трамп 2020 оны сонгуульд Ерөнхийлөгч Жо Байденд ялагдсаны дараа П.Наварро “сонгуулийг луйвардаж Трампыг ялагдуулсан” гэсэн мэдэгдлийг хийж байв.