СЭЛЭНГЭ: Энэ онд 119 хүнд шинээр тэтгэвэр тогтоожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-12-19 11:48:35

Сүхбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд энэ онд тэтгэврийн даатгалын сангаас 19116 тэтгэвэр авагчдад 134341.6 сая төгрөгийг олгосон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс тэтгэвэр авагчид 332 хүнээр, олгосон тэтгэврийн хэмжээ 20360.8 сая төгрөгөөр тус тус нэмэгджээ.


Тодруулбал, аймгийн хэмжээнд тэтгэмжийн даатгалын сангаас 7698 хүнд 5255.9 сая төгрөгийг хөдөлмөрийн чадвараа түр алдсан, жирэмсэн амаржсан, оршуулгын тэтгэмжид, үйлдвэрийн осол мэргэжлээс шалтгаалах өвчин зэрэгт олгосон байна.

 

Мөн даатгалын сангаас үйлдвэрлэлийн ослын тэтгэвэр, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж, нөхөн төлбөр, сувиллын зардалд 201 хүнд 4939.4 сая төгрөг, ажилгүйдлийн даатгалын сангаас 659 хүнд 2271.9 сая төгрөгийг ажилгүйдлийн тэтгэмжид тус тус олгожээ.

 

Аймгийн хэмжээнд нийгмийн даатгалын үйлчилгээний орлого 92631.7 сая төгрөг, зарлага 175453.3 сая төгрөг болсон нь өмнөх оны мөн үеэс орлого 21392.8 сая төгрөгөөр, зарлага 18345.3 сая төгрөгөөр тус тус өссөн байна.

 

Мөн энэ хугацаанд 119 хүнд шинээр тэтгэвэр тогтоосон байна. Эдгээрийн 91 нь өндөр насны, 23 нь хөгжлийн бэрхшээлтэй, 5 хүнд тэжээгчээ алдагчийн тэтгэвэр тогтоожээ.

 

Нийгмийн халамжийн сангаас 73532 хүнд 66301.6 сая төгрөгийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг олгосон нь өмнөх оны мөн үеэс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид 2485 хүнээр цөөрч, олгосон тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ 3070.6 сая төгрөгөөр нэмэгдсэн байна.

Related news