А.Усик дэлхийн аварга цолоо хамгааллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТЭР-РИЯД, 2024 оны арванхоёрдугаар сарын 22 /BBC/. Украины хүнд жингийн боксчин, дэлхийн аварга Александр Усик 12 дугаар сарын 22-ны ням гарагт шилжих шөнө Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотноо болсон тулаанд Их Британийн боксчин Тайсон Фьюриг яллаа.
Зууны тулаан гэж нэрлэж байсан энэхүү тулаанд оролцсоныхоо төлөө хоёр боксчин хоёулаа 190 сая ам.долларын шагнал авна.
12 үеийн дараа гурван шүүгч гурвуулаа Усикт ялалтыг /116:112 оноогоор/ өглөө. Украины боксчин энэхүү тулаанд ялснаар мэргэжлийн боксын рингэнд 23 дахь удаагаа ялж, Дэлхийн боксын зөвлөл /WBC/, Дэлхийн боксын холбоо /WBA/ ба Дэлхийн боксын байгууллагын /WBO/ аварга цолоо хамгааллаа.
Өдгөө 37 настай А.Усик, цыгануудын хаан хочит 36 настай Т.Фьюри нар хоёр дахь удаагаа тулалдаж байгаа юм. Энэ оны тавдугаар сард Саудын Арабад болсон эхний тулаанд Украины боксчин шүүгчдийн эргэлзээ дагуулсан шийдвэрээр ялж, Т.Фьюри ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүй байна. Тэрбээр А.Усиктэй тулалдахаасаа өмнө нэг ч ялагдаагүй байсан бөгөөд мэргэжлийн боксчны замналдаа 34 удаа ялж, нэг тулаан нь тэнцээгээр дууссан байна.
А.Усик дэлхийн үнэмлэхүй аварга болохоосоо өмнө 2012 оны Лондоны олимпын наадмаас алтан медаль хүртэж байсан юм. Тэрбээр Т.Фьюритэй тулалдахаасаа өмнө 22 тулаанд оролцохдоо нэг ч ялагдал хүлээгээгүй юм.
Хоёр боксчны хоёр дахь тулааныг мэргэжлийн боксын түүхэнд анх удаа хиймэл оюун хянасан боловч түүний оролцоогүйгээр ялагчийг тодруулах шийдвэрийг гаргажээ. Хиймэл оюун мөн Украины боксчныг ялагчаар нэрлэсэн байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нутаг нэгтнээ ялсныг баярлан хүлээн авч, баяр хүргэжээ. "Энэ бол бид бүгдэд маш чухал, маш хэрэгтэй байгаа Ялалт! Александр аваргын бүсээ хамгаалснаар украинчууд бид бууж өгөхгүй гэдгийг баталж байна. Хэчнээн хэцүү байсан ч бид дэвжээн дээр ч, тулалдааны талбарт ч, дипломат талбарт ч тэмцэх болно, бид бууж өгөхгүй" гэж тэрбээр Telegram сувагт бичжээ.