ДУНДГОВЬ: 2025 оны төсвийг 95,1 тэрбум төгрөгөөр баталлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМандалговь, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ИТХ-ын ээлжит гуравдугаар хуралдааанаар тус
аймгийн 2025 оны төсвийг 95,1 тэрбум төгрөгөөр баталлаа.
Ирэх онд хөрөнгө оруулалтын 129 төсөл, арга хэмжээг
хэрэгжүүлэхээр төлөвлөж, уг үйл ажиллагаанл
46,2 тэрбум төгрөг зарцуулахаар болсон.
Төсвийн орлогыг эх үүсвэрээр нь авч үзвэл, татварын болон
татварын бус орлого 21,576.6 сая, улсын төсвөөс аймгийн төсөвт авах санхүүгийн
дэмжлэг 19,309.0 сая, орон нутгийн ерөнхий орлогын үлдэгдэл 24,569.6 сая,
сумаас аймгийн төсөвт төвлөрүүлэх орлого 6,280.1 сая, улсын төсвөөс аймгийн
төсөвт авах ОНХС-ийн орлогын шилжүүлэг 18,250.3 сая, төсвийн ерөнхийлөн
захирагчийн харъяа байгууллагуудын урьд оны үлдэгдэл 3,372.9 сая байх бол төсвийн
зарцуулалтын хувьд төсөвт байгууллагуудын зардалд 69,847.7 сая, сумдад олгох
санхүүгийн дэмжлэгт 13,087.3, сумдад олгох ОНХС-д 12,180.6 сая төгрөг байхаар төлөвлөжээ.
Тус аймгийн 2025 оны төсөв өмнөх оныхоос 35 хувиар нэмэгдэж, нийт төсвийн 65
хувийг хөрөнгө оруулалтын зардал эзэлж
байна.
Газрын төлбөрийн албан татварыг өмнөх оныхоос 2.5 дахин
нэмэгдүүлж, газрын дуудлага худалдааны орлогыг газар зохион байгуулалтын
төлөвлөгөөтэй уялдуулан өмнөх оныхоос 100.0 сая, ХХОАТ-ыг 1,120.0 сая төгрөгөөр
нэмэгдүүлж төлөвлөжээ. Нийт төсвийн орлогын 47.6 хувийг сумын төсөв, 52.3
хувийг аймгийн төсөвт төвлөрүүлэх орлого эзэлж байна.
Төсвийн төслийг боловсруулахдаа урсгал
зардлыг бууруулах, 2024 онд хэрэгжүүлж эхэлсэн ажлыг дуусгах, эхлээгүй ажлыг
хойшлуулах, зарим их засвар, ТЭЗҮ, зураг төсөв, тоног төхөөрөмжийн
санхүүжилтийг бууруулах зарчмыг баримталжээ.
Аймгийн Засаг даргын чиг үүргийн хүрээнд хамаарах тусгай
сан, хөтөлбөр, татаас дэмжлэгт шинээр хүүхэд хөгжил, хамгааллын үйлчилгээг
бусдаар гүйцэтгүүлэх болон түр хамгаалах байрны зардал, Эрдэнэдалай сумын
Хүүхэд хөгжил төвийн санхүүгийн дэмжлэгт 604.4 сая төгрөгийг төлөвлөсөн нь
онцлог байна.
Мөн ЖДҮДС, ХЭДС-ийн улсын төсвөөс олгодог зээлийн эх
үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор орон нутгийн төсвөөс ЖДҮДС-д 400 сая, ХЭДС-д 100 сая төгрөгийн зээлийн эх үүсвэрийг шинээр тогтоолоо.