ДАРХАН-УУЛ: Өсвөрийн шилдэг тамирчдад 54.1 сая төгрөгийн урамшуулал олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-12-26 15:13:53

Дархан, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Аймгийн засаг дарга өсвөрийн тамирчдыг дэмжих жилийн хүрээнд 2024 онд УАШТ-д оролцох, өсвөрийн тамирчдад замын зардал болон амжилттай оролцсон тохиолдолд шагнаж урамшуулах журам батлагдсан.


2024 онд өсвөрийн тамирчид спортын 21 төрөлд УАШТ-ээс 90 алтан медаль, 89 мөнгөн медаль, 93 хүрэл медаль нийт 272 медаль хүртсэн бахдам амжилт үзүүлсэн юм.


Спортын шилдэг тамирчид "Дархан Юнайтед Арена" спорт цогцолборт шинэ жилийн баяраа тэмдэглэлээ. Энэ үеэр өсвөрийн шилдэг тамирчдын гаргасан амжилтыг үнэлэн медаль хүртсэн тамирчин тус бүрд мөнгөн шагнал гардуулав.


Тухайлбал, алтан медаль хүртсэн тамирчид тус бүр 300000 төгрөг, мөнгөн медаль хүртсэн тамирчид тус бүр 200000 төгрөг, хүрэл медаль хүртсэн тамирчид  тус бүр 100000 төгрөгийн урамшуулал авлаа.


Нийт тамирчинд зориулж 54.1 сая төгрөгийн мөнгөн урамшуулал, гарын бэлэг өгчээ. Шагналыг аймгийн Засаг дарга Б.Азжаргал, БТСГ-ын дарга А.Амараа нар гардуулав.


Эрүүл чийрэг, хариуцлагатай, бие бялдрын өв тэгш хөгжилтэй, эх оронч иргэн болгон төлөвшүүлэх зорилго бүхий "Өсвөрийн тамирчдыг дэмжих жил" 2025 онд үргэлжилнэ гэж аймгийн Засаг дарга онцолж, баг тамирчдадаа халуун баяр хүргэж, цаашдын уралдаан, тэмцээнд нь амжилт хүслээ.


Мөн спортыг дэмжигч иргэн, ААНБ-дад болон багш дасгалжуулагч, эцэг эхчүүдэд чин сэтгэлийн талархал илэрхийлсэн юм.


Ташрамд, 2023 онд онд УАШТ-д оролцсон 187 тамирчинд 83 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.





Related news