ЮНЕСКО-д давхар бүртгэлтэй “Лу Алтан товч”
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. “Дэлхийд танигдсан Монгол өв соёл: соёлын баримтад өвийн өнөөгийн байдал” эрдэм шинжилгээний хурал лхагва гарагт Үндэсний номын санд боллоо.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга Б.Даваацэрэн үг хэлж тус хурлыг нээв. Тус эрдэм шинжилгээний хурлаар 13 илтгэл хэлэлцүүлсэн юм.
ЮНЕСКО-гийн ивээл дор олон улсын болон бүсийн жагсаалтад бүртгэгдсэн баримтат өвийг судлах шинжлэх ухааны эргэлтэд оруулах ач холбогдлыг олон нийтэд таниулж сурталчлах, хадгалалт хамгаалалтыг нь сайжруулах зорилгоор зохион байгуулсан “Дэлхийд танигдсан өв соёл: соёлын баримт өвийн өнөөгийн байдал” эрдэм шинжилгээний хуралд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Соёл, спорт, аялал, жуулчлал, залуучуудын яам, ШУА, Архивын ерөнхий газар, СУИС, Нүүдлийн Соёл Иргэншлийг судлах Олон Улсын хүрээлэн, “Нүүдэлчний инж төв” ТББ-тын төлөөлөл эрдэмтэн судлаачид оролцлоо.
Дэлхий дахинд баримтат өв
дахин сэргээгдэхгүй байдлаар эрсдэлд ороод байснаас ЮНЕСКО “Дэлхийн
Дурсамж” хөтөлбөрийг эхлүүлжээ. Энэ хөтөлбөрт дэлхийн 110 улс нэгдэн орсон байдаг.
Монгол Улс уг хөтөлбөрт 2010 онд нэгдэн оржээ. Тус хөтөлбөр нь дэлхийн улс оронд
байгаа баримтад өвийг олон улсын болон бүс нутгийн жагсаалтад бүртгэдэг. Монгол
улс уг хөтөлбөрт нэгдэн орсноосоо хойш Олон улсын баримтад өвийн жагсаалт,
өөрийн улсын харьяалагддаг Ази-Номхон далайн бүсийн өвийн жагсаалтад нийт 9
баримтад өвийг бүртгүүлжээ.
Монгол Улсын Засгийн газрын Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад 1995 онд, ЮНЕСКО-гийн Ази-Номхон далайн бүс нутгийн өвд 2010 онд, ЮНЕСКО-гийн "Дэлхийн дурсамж" хөтөлбөрийн олон улсын баримтат өвд 2011 онд бүртгэгдсэн нь “Лу Алтан товч” болно.
Тус сурвалжийг хэдийнээс судалж, судалгааны эргэлтэд оруулсан бэ гэвэл, энэхүү ажил 1930-аад оны эхэн үед хамаардаг. Тодруулбал, 1932 онд ЗХУ-ын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнд Лу.Алтан товчийг бүрэн эхээр нь аваачиж гэрэл зургаар татсан бөгөөд тэрхүү хуулбар дорно дахины судлалын хүрээлэнгийн Санкт-Петербургийн салбарын гар бичмэлийн сан хөмрөгт өдийг хүртэл хадгалагдаж байна. Энэ тухай профессор Н.Поппе 1953 онд "Судар бичгийн хүрээлэнгийн номын сангийн өмч болох тус гар бичмэл судрыг 1932 онд ЗХУ-ын Ленинград дахь ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнд илгээсэн бөгөөд гурван жилийн турш Жамсрангийн Цэвээн судалж, гэрэл зургийн хуулбар хийсэн билээ" хэмээн тэмдэглэсэн байдаг.
Монгол Улсаас ЮНЕСКО-гийн "Дэлхийн дурсамж" хөтөлбөрийн Олон улсын жагсаалтад,
Лу Алтан Товч (2011 он)
Монгол Шунхан Данжуур (2011 он)
Есөн эрдэнийн Ганжуур (2013 он)
Данжуурын гэрэлт хөшөө (2017 он)
Цогт хунтайжийн хадны бичээс (2023 он)
ЮНЕСКО-гийн "Дэлхийн дурсамж" хөтөлбөрийн Ази-Номхон далайн бүс нутгийн жагсаалтад,
- Лу Алтан Товч (2010 он)
- Сахиусан Дара Эх (2014 он)
- Мэргэд гарахын орон нэр томьёоны толь бичгийн модон бар (2016 он)
- “Халхын долоон хошуу, дөрвөн аймгийн ноёдын гэрийн үеийн бичмэл” (2024 он)
- Монгол Улсын анхны марк “Элдэв-Очир” (2024 он) гэсэн өвүүдийг тус тус бүртгүүлээд байна: