БУЛГАН: Охидын эрхийг хүндэтгэх нөлөөллийн аяны шилдгүүдэд шагнал гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-12-27 12:36:36

Булган, 2024 оны арванхоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян-2024, Олон улсын хүний эрхийн өдрийг угтан Булган аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулсан “Шалтаг бүү тооч, бид охидын эрхийг хүндэтгэнэ” рийл бичлэгийн уралдааны дүн гарч, шилдэг оролцогчдод шагнал гардууллаа.


Аянд оюутан, сурагчид идэвхтэй оролцож, рийл бүтээлээрээ дамжуулан хүний эрхэд суурилсан хандлага, соёл, охид, эмэгтэйчүүдийн онцлог, эерэг нөлөөллийг түгээсэн үр дүнтэй ажил боллоо.


Уралдаанд Булган аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын 1, 2 дугаар сургууль, Хутаг-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургууль, Булган аймгийн Политехникийн коллежийн оюутан, сурагчид бүтээлээ ирүүлсэн байна.


Уралдааны тэргүүн байрт Булган аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 11в ангийн бүтээл, дэд байрт Булган аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 8б ангийн бүтээл, гуравдугаар байрт Булган аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 9б ангийн бүтээл, тусгай байрт Хутаг-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуулийн "Эв нэгдэл" багийн бүтээл, Булган Политехникийн коллежийн 2б курсийн оюутан, сурагчдын бүтээл тус тус шалгарлаа.


Засаг даргын орлогч О.Ундрах уралдаанд оролцсон хүүхдүүдийн төлөөлөлтэй уулзаж тэдний санал бодлыг сонсон, аймгаас хүүхдийн эрхийн чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлын талаар товч танилцуулсан байна.


Булган аймаг дахь хүний эрхийн комисс, Булган аймгийн Засаг дарга, ЗДТГ хамтран зохион байгуулсан тухай ХЭҮК-ын Булган аймаг дахь референт Д.Мөнхсайхан мэдээллээ.








Related news