ОРХОН: “Уран эгшиг” урлагийн дунд сургууль дууны техник хэрэгсэлтэй боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБаян-Өндөр, 2024 оны арванхоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн "Эрдмин" ХХК нь орон нутгийн хамтын ажиллагаа, нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийн боловсрол, соёл урлагийг дэмжих чиглэлээр олон үйл ажиллагааг үе шаттай хэрэгжүүлсээр ирсэн. Анх хамтын ажиллагаа, нийгмийн хариуцлагын гэрээг аймгийн ЗДТГ-тай 2019 онд байгуулж байжээ.
Тэгвэл энэ удаа хүүхдийн урлагийн боловсролд хувь нэмэр оруулж Орхон аймгийн урлагийн төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын “Уран эгшиг” сургуульд өсгөгч, дууны техникийн хэрэгсэл зэрэг шаардлагатай байсан 10 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө. Мөн тус компани 2023 онд уг сургуульд олдоц ховор, өвөрмөц хөгжмийн зэмсгүүдийг бэлэглэж байжээ.
“Уран эгшиг” сургуулийн хувьд 3 дахь хичээлийн жилдээ үйл ажиллагаа явуулж, өнөөдрийн байдлаар тус сургуульд урлагт сонирхолтой 1-12 ангийн 460 гаруй хүүхэд суралцаж байна.
Тус сургууль бага ангийн сурагчдад ерөнхий боловсролын суурийг тавихад нь анхаардаг бол 5-р ангиас нь эхлэн хүүхдүүд урлагийн төрлүүдээс сонгон суралцаж байна.