ЗАВХАН: Ахлах ахлагч М.Очирбат онцгой гавьяа байгуулж шагнуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-12-30 16:37:04

Улиастай, 2024 оны арванхоёрдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Онцгой байдлын газрын Улиастай сум дахь гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч М.Очирбат онцгой гавьяа байгуулж шагнуулжээ.


Онцгой байдлын Ерөнхий газраас 2024 онд онцгой гавьяа байгуулсан алба хаагчдаа шагнаж, 16 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгожээ. 


Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 118 дугаар тушаалаар баталсан “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид онцгой гавьяа байгуулсан тохиолдолд мөнгөн урамшуулал олгох журам”-ыг үндэслэн 2018 оноос эхлэн Онцгой гавьяа байгуулсан алба хаагчдад мөнгөн урамшуулал олгодог болсон.  


Энэ журмын дагуу зургаа дахь жилдээ гамшиг, осол, аюулт үзэгдлийн бүс болон хүний гоц халдварт өвчний голомтод аврах, эмчлэх, сувилах, хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаанд эр зориг, мэргэжлийн ур чадвар гарган оролцсон таван алба хаагч тус бүрт 16 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олголоо.


Онцгой гавьяа байгуулсан таван албан хаагчийн нэг Ахлах ахлагч М.Очирбат нь Онцгой байдлын байгууллагад 9 дэх жилдээ үүрэг гүйцэтгэж байна.  

Тэрээр 2024 онд нийт 24 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж, 40 иргэний амь, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 120 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.


Мөн Улиастай сумын Жинст багийн нутаг дэвсгэрт болсон үерийн дуудлагаар ажиллаж гэртээ гацсан дөрвөн иргэнийг аюулгүйн талбайд гаргаж, тухайн нутаг дэвсгэрийг сэргээн босгох лаг шаврыг цэвэрлэх, зөөх ажлыг 18 хоног зохион байгуулсан гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.


Ташрамд, 2024 онд Онцгой байдлын байгууллагын бие бүрэлдэхүүний цалин, хөлсийг цалингийн сүлжээ болон зэрэглэлийг өсгөснөөр 2023 онтой харьцуулахад офицер бүрэлдэхүүний цалин дунджаар 18.5 хувь, ахлагч бүрэлдэхүүний цалин дунджаар 19.6 хувиар тус тус өссөн байна.


 

Related news