УВС: Дулааны 2-р станцын зууханд гэмтэл гарсныг яаралтай засварлажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом. 2025 оны нэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Дулааны 2-р станцын нэг зууханд өнөөдөр бага
зэргийн гэмтэл гарсныг инженер, техникийн ажилчид засварлан дөрвөн цагийн дотор
ажилд орууллаа.
Он гарсаар
Улаангомын Дулааны 2-р станцын гурван зууханд ямар нэгэн гэмтэл доголдол
гараагүй байсан юм. Тус станцын хувьд одоогоор 28 хоногийн нүүрсний нөөцтэй
байна.
Өнгөрсөн сарын
26-наас энэ сарын 6-ны өдөр хүртэл Хар тарвагатайн нүүрсний уурхай 10 хоног амарсантай
холбогдуулан тус станцын хамт олон нүүрс татан авалтаа зогсоогоод байсан бол
өчигдрөөс эхлэн хэвийн байдалдаа оржээ. Одоогоор 65 тн-ын даацтай 4 хүнд даацын
автомашинаар нүүрсээ татаж байна.
Тус станц нь
хоногт ойролцоогоор 210 тн нүүрс хэрэглэж, 2400 өрх, 39 төсөвт байгууллага,
155 аж ахуйн нэгжийг дулаан халаалт, халуун усаар хангадаг.
“Шинэ оны
өмнө хуримтлагдсан өр төлбөрөө цуглуулж, 50 хувиар бууруулж чадсан. Айлууд дулаан халаалт, халуун усны өр төлбөрөө цаг тухайд нь төлөх тал дээр
учир дутагдалтай байдаг. Энэ нь бидний ажилд багагүй хүндрэл учруулдаг” хэмээн
Улаангом дулааны 2-р станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон
гүйцэтгэгч П.Бат-Орших мэдээллээ.