БАЯНХОНГОР: Томуугийн өвчлөл дэгдэлтийн түвшинд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-01-08 10:38:40

Баянхонгор, 2025 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Томуу, томуу төст өвчин аймгийн хэмжээнд дэгдэлтийн түвшинд хэвээр байна. Томуугийн өвчлөл өмнөх долоо хоногоос 11.2 хувиар буурсан ч, урьд оны мөн үетэй харьцуулахад 2.2 хувиар их, сүүлийн 3 жилийн дунджаас 12.3 хувиар их байгаа юм.


Амбулаторийн 3912 үзлэгээс 15.3 хувь нь томуугийн өвчлөл, амьсгалын замын халдварт 597 өвчлөлөөс 15 хүртэлх насныхан 65.6 хувийг эзэлж байна. Түүн дотроо 4 хүртэлх насны хүүхдүүд 75 хувийг эзэлж, өнөөдрийн байдлаар хүүхдийн тасагт 66 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас амьсгалын замын өвчлөлөөр 50 хүүхэд эмчлүүлж байна.


Аймгийн Эрүүл мэндийн газраас нийт эцэг эх, асран хамгаалагчдад зөвлөмж хүргүүллээ.

-Маскаа тогтмол зүүх

-Эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих халамж анхаарлаа сулруулахгүй байж, өвдсөн бол гэртээ асрах

-Амны хаалт хэрэглэх, ханиаж найтаахдаа, ам хамраа дарах

-Гараа савандаж угаах, ялангуяа ханиаж найтаасны дараа гараа заавал угаах эсвэл, спиртэн суурьтай халдваргүйтгэлийн уусмалаар арчих

-Бага насны хүүхдийг олон нийтийн газраар авч явахгүй байх

-Бага насны хүүхдийг дааруулахгүй байх

-Биеийн эсэргүүцэл сайжруулах халуун аарц, чацаргана, нэрс, аньсны шүүс зэрэг С амин дэмээр баялаг шингэн зүйлийг сайн уулгах,  илчлэг шим тэжээлтэй шөлтэй  хоолыг түлхүү хэрэглэх

-Сайн унтаж амрах, ялангуяа, бага насны хүүхдийг 21 цагаас хэтрүүлэхгүй унтуулах

-Өвчилсөн тохиолдолд харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эмчид хандаж зөвлөгөө авах, дур мэдэн эм, антибиотик хэрэглэхгүй байхыг зөвлөв.

Related news