“Хилчин”-ий жүдочид багийн УАШТ-д анх удаа түрүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн насанд хүрэгчдийн холимог багийн 11 дэх удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн Монгол бөхийн өргөөнд болж, “Хилчин”-ий жүдочид түрүүллээ.
Тэд өмнө нь дөрвөн удаа шигшээд шалгарсан ч өрсөлдөгчдөө ялагдан мөнгөн медаль дээр бууж байв. Тэгвэл энэ жил анх удаа аваргын алтан медаль хүртэж, шинэ аваргаар тодорсон байна.
Олон улсын хэмжээний мастер Б.Гончигсүрэн, Б.Эрдэнэбаяр, О.Оюунчимэг, спортын мастер Ц.Ган-Эрдэнэ тэргүүтнийг эгнээндээ нэгтгэсэн “Хилчин”-ий жүдочид эхний тойрогтоо хийлж, улмаар “Сүлд” спорт хорооны багийг буулган авсан. Харин хагас шигшээд өнгөрсөн жилийн мөнгөн медальт “Алдар”-ыг, финалд өнгөрсөн жилийн аварга “Женко”-г буулган авчээ.
Тэгвэл 11 дэх удаагийн холимог багийн УАШТ-ий мөнгөн медалийг "Женко", хүрлийг "Алдар" спорт хорооны нэг болон хоёрдугаар багийнхан хүртсэн байна.