АРХАНГАЙ: Байгаль орчны эсрэг гэмт хэрэг 10.8 хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-01-17 12:35:07

Эрдэнэбулган, 2025 оны нэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Архангай аймаг байгаль орчны эсрэг гэмт хэрэг зөрчлийг бууруулах зорилгоор урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг жил бүр тогтмол зохион байгуулдаг.


2024 оны тухайд салбарын хяналтын газраас ирүүлсэн удирдамжийн дагуу 9 сэдвийн хүрээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийжээ. Шалгалтаар 66 иргэн, 69 аж ахуйн нэгжийг хамруулан 205 зөрчлийг илрүүлсэн байна. Үүнээс 175 зөрчлийг буюу 85.3 хувийг арилгажээ.


Зөрчил гаргасан 8 аж ахуйн нэгж, 64 иргэнд 21.5 сая төгрөгийн торгууль, 38.3 сая төгрөгийн нөхөн төлбөр оногдуулж, барагдуулсан байна.


Шалгалтаар илэрсэн 2143 кг хуш модны самрын боргоцойг аймгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд, 36 тооны тарвагыг ЗӨСТ-д шилжүүлэн шийдвэрлүүлсэн байна.


Байгаль орчны эсрэг гэмт хэргийн зөрчлийг бууруулахад 25 удаагийн хяналт шалгалтыг зохион байгуулж, улсын байцаагчийн 19 албан шаардлага, 7 зөвлөмж хүргүүлснээр байгаль орчны эсрэг зөрчлийн тоо өмнөх оны мөн үеэс 38 зөрчлөөр буюу 10.8 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

Related news