Зөөвч овоо, Дулаан уул ордын ТЭЗҮ-ийн тодотголыг хэлэлцэж шийдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2025-01-17 16:12:27

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. АҮЭБЯ-ны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл өчигдөр 2024 оны өргөтгөсөн хуралдаанаа хийж, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт орших Зөөвч овоо, Дулаан уул ордыг газрын дор уусган олборлох аргаар ашиглах, үйлдвэрийн ТЭЗҮ-ийн тодотголыг хэлэлцэж, хүлээн авахаар шийдлээ.


Зөөвч овоо, Дулаан уулын ордод 2025-2028 онд бүтээн байгуулалт хийж, 2028-2060 онд ашиглалтын үйл ажиллагаа явуулж, 2060-2070 онд уурхайн хаалт, мониторинг хийхээр төлөвлөжээ.


Төсөл хэрэгжсэнээр жилд дунджаар 2500 тн уран олборлож, уурхайн хаалт, нөхөн сэргээлтэд 329.06 сая ам.доллар, 795 ажлын байр бий болгож, төслийн хугацаанд 1.67 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, улс, орон нутгийн төсөвт 4.6 тэрбум ам.долларыг төвлөрүүлэх юм.



Энэ нь хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төслийн нэг бөгөөд Засгийн газраас гуравдагч оронтой байгуулах хоёр дахь томоохон хөрөнгө оруулалтын гэрээ юм. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмж, улс, орон нутгийн төсөвт хөрөнгө төвлөрүүлэх, ажлын байр бий болгох, шинэ технологи нутагшуулах, олон улсын хамтын ажиллагаа зэрэг нийгэм, эдийн засагт үзүүлэх шууд нөлөөллөөс гадна уул уурхай салбарт шинэ төрлийн экспортын ашигт малтмал болж байгаагаараа онцлогийг АҮЭБЯ мэдээлжээ. 



Related news